Бугантчуудын хийсэн сийлбэртэй ширээ, ханын цаг шагнал хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-23 20:47:02
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, нийслэл хотноо зохион байгуулагдсан байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганд зориулсан үзэсгэлэн худалдаанаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Их хөвч” нөхөрлөл шагнал хүртжээ.
Нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус чуулганд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 32 ойн нөхөрлүүдийн төлөөллүүдийн хамт оролцоод ирлээ. Энэхүү чуулганд Монгол Улсын 21 аймгийн 800 орчим нөхөрлөл оролцож, “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаагаа Д.Сүхбаатарын талбайд дэлгэн үзүүлсэн байна. Үзэсгэлэн гаргасан 21 аймгийн нөхөрлөл бүр өөр өөрсдийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсанаараа онцлогтой байв. Үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Их хөвч” нөхөрлөлийн сийлбэртэй ширээ, ханын цаг шалгарч шагнал хүртжээ. Сэлэнгэ аймгийн нөхөрлөлүүдийн дэлгэн тавьсан бүх төрлийн ногоо, модны үр хамгийн түрүүнд дууссан нь худалдан авагчдын эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байж чадсаныг харуулж чадсан байна.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ