Дэд бүтцийн салбар дахь хяналтыг сайжруулснаар бүтээн байгуулалтын чанар дээшилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-20 20:49:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аян Баянхонгор аймгийн хэмжээнд энэ сарын 19-ний өдрөөс албан ёсоор эхэллээ.
Аяны нээлт аймгийн Баганат талбайд болж, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл болон бусад албаныхан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадорж, Германы хамтын ажиллагааны мэргэжилтнүүд, ахмад барилгачдын төлөөлөл оролцон үг хэлж, аяны үйл ажиллагаанд амжилт хүсч, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Политехникийн коллеж, төрийн долоон байгууллага, дэд бүтцийн салбарын 12 аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Уг аяны хүрээнд дэд бүтцийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг сурталчилах, эрсдэлд суурилсан хяналт шалгалт түүний ач холбогдлыг ард иргэдэд таниулах, хэрэглэгчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх олон ажил, арга хэмжээнүүдийг төлөвлөөд байгаа аж. Дэд бүтцийн салбар нь аймаг орон нутгийн хөгжлийн гол тулгуур байдаг тул  дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудад ямар тоног төхөөрөмжөөр хяналт шалгалт хийж байгаа вэ гэдгийг олон нийтэд таниулах ажлыг нээлтийн үеэр зохион явуулсан. Энэ салбар дахь хяналтыг сайжруулснаараа аймаг орон нутагт хийгдэж буй чухал бүтээн байгуулалтын чанарын үзүүлэлт  мөн адил дээшлэхийг албаныхан онцлов.
Мөн үеэр аймгийн Политехникийн коллежийн оюутнууд нээлтийн үйл ажиллагаанд оролцогчидтой хамтарч ажлын байрны дасгалыг хийсэн байна.
                                                                                                                   Б.Мөнхзул

 
Холбоотой мэдээ