Сонгуулийн салбар комиссыг 32 улсад байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-20 13:10:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Ерөнхийлөгчийн 2017 оны  ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комисс өчигдөр хуралдав.

Хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс байгуулав.
Хуулийн дагуу Төв комисс нь гадаадад санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоогоор, нийт гурваас долоо хүний бүрэлдэхүүнтэйгээр дипломат төлөөлөгчийн газрын дэргэд салбар комиссыг байгууллаа.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комиссыг байгуулж байна.

Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг ирэх 6 дугаар сарын 10-11-ний өдөр авах юм.
Б.Туул
Холбоотой мэдээ