Голын усанд унасан хүүхдүүдийн бие сайжирч хэвийн байдалдаа оржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-04-20 12:18:56
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрснөөс гурван хүүхдийн амь эрсдэх дөхсөн. Энэ хэрэг энэ 4-р сарын 16-нд гарсан бөгөөд үүнээс хойш дөрвөн хоног өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн бие сайжирч, хэвийн байдалд орсныг тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч М.Болормаа хэлж байна.

Тухайн үед гурван хүүхдийг аварч эмнэлгийн тусламж үзүүлэхэд 4 настай Д.Ганхуяг, 7 настай С.Цэрэнрандал нар өөрсдийн ухаантай ч их осголтын байдалтай, харин 3 настай Т.Өсөхбаярын зүрх судас доголдож, хөл гар нь хөдөлгөөнгүй, чилийж хөшиж сарвайсан байдалтай хүнд иржээ. Харин ямар нэг хөлдөлт гар хөлийн үзүүр, хацар, нүүрэнд байгаагүй байна. Ингээд эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэж, авах арга хэмжээг авсны дараа маргааш өглөөнөөс нь хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, хэвийн болсон байна. Одоо Цахир сумын төвд Д.Ганхуяг, С.Цэрэнрандал  нар эмээтэйгээ байгаа бол Т.Өсөхбаяр аав ээжийнхээ асаргаанд Солонготын давааны ард гэртээ байгаа ажээ.

Эдгээр хүүхдүүд нь эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд Цахир сумын сургууль, цэцэрлэгт явдаг, эмээтэйгээ амьдардаг байна. Тэд эмээдээ усыг нь худгаас байнга авч өгдөг бөгөөд тэр өдөр ч мөн ус авах гэж гараад  эмээдээ хэлэгүй гол явсан байна. 

Б.Гэрэлт-Од      
Холбоотой мэдээ