Усны алдагдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хүсэлт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-16 21:35:32
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК орон нутгийн удирдлагуудад тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Үүнд, усны алдагдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, Ус, Дулаан түгээх төвүүдийг тоолууржуулах, айл өрхийн усны алдагдлын хувь тогтоох, дэвшилтэт тоолуур тавих, Цэвэрлэх байгууламжийн өмчлөлийг шийдэх тухай танилцуулсан юм. Мөн “Эрдэнэт Булганы ЦТС”-тэй холбоотой зарим өмч, засвар үйлчилгээний зардлын төсөвтэй холбоотой маргаан, зөрчлийг шийдэж өгөхийг хүссэн юм.
“Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК 6000 өрхийг цахилгаан эрчим хүчээр, 13 мянган өрхийг ус, дулаанаар хангадаг. Усаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас авдаг бөгөөд ингэхдээ нийт усныхаа 54 орчим хувийг алддаг байна. Үүнийг бууруулах гэж олон жил ярьж байгаа ч өөрчлөлт гарахгүй байгаа юм. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК “Эрдэнэт-Ус ДТС” компанид өгсөн усныхаа хэмжээгээр мөнгөө нэхдэг бол “Эрдэнэт-Ус” компани зөвхөн хүлээж авсан буюу ашигласан усныхаа төлбөрийг төлнө гэдэг юм. Яг хаана ус алдагдаж байгааг тооцох боломжгүйгээс улбаалж “Эрдэнэт-Ус” компани 2016 онд 600 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

 
Б.Оюун-Эрдэнэ
Холбоотой мэдээ