Хятад улс Умард Солонгосын хил дээр болох дайнд бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-04-14 09:10:01

АСТАНА./КАЗИНФОРМ/. АНУ-ын мэдээллийн United Press International /UPI/ агентлагийн мэдээлснийг үзвэл, Хятадын эрх баригчид байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орох тушаалыг зэвсэгт хүчиндээ өгсөн байна.

Уг тушаалыг Хятадын 5 цэргийн тойргийн анги нэгтгэлүүд хүлээн авчээ.

UPI агентлаг энэ талаарх мэдээллийг Хонконг дахь Хүний эрх, ардчиллын мэдээллийн төв гэдэг ТББ-ын мэдээллээс иш татан дамжуулсан байна.

Тус ТББ-ын мэдээлснээр, Хятадын Шандун, Жөзян, Юньнань мужуудад байрлаж буй хуягт танкийн болон механикжуулсан явган цэргийн дивизүүдийг Умард Солонгосын хил рүү шилжүүлэн байрлуулах аж.  

Түүнээс гадна, баруун тойргийн 47 дугаар арми болон хуягт танкийн 9 дүгээр бригадын 25 мянган цэргийн албан хаагч “алсын зайд шилжин байрлахад бэлэн байх” тушаал авсан байна.

Хятадын эрх баригчид Умард Солонгостой залгаа хил рүүгээ 150 мянган цэргээ илгээж эхэлсэн тухай мэдээлэл өмнө нь гарсан билээ. Энэ нь АНУ нисэх онгоц тээгч “Карл Уинсон” хөлөг онгоц тэргүүтэй цохилтын бүлгээ Умард Солонгосын эрэг рүү илгээсний хариуд авсан арга хэмжээ ажээ.

Японы мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Хятадын цэрэг армийг шилжүүлэн байрлуулж байгаа нь 4 дүгээр сарын 7-нд Сирид өгсөнтэй ижил цохилтыг АНУ Умард Солонгост өгнө гэсэн болгоомжлол үүссэнтэй холбоотой аж.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ