З.Нарантуяа: Одоогийн бодлогоор явбал Монгол Улс 2024 он хүртэл хуримтлал үүсгэхгүй нь
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн эхэнд хэлэхдээ “Эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаанаар төсвийн тодотголыг ОУВС-гийн шаардлагаар батлах гэж байна. Үүний оронд улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг зөвөөр тодорхойлсоны дараа асуудалд хандах байсан. Өчигдөр АН чуулганы хуралдаанаас гурван цагийн завсарлага авах үеэр Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай уулзахад “ОУВС-тай тохирсон учир өөрчлөлт хийх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Мөн ОУВС-гийн төлөөлөлтэй уулзах гэхэд ирээгүй. Өнөөдөр Монгол Улсын төсөв Б.Чойжилсүрэнгийн эрх мэдлээс гарсан байна. Учир нь өдгөө 70 мянган хүүхдэд олгох 17 тэрбум төгрөгийг Сангийн сайд шийдэх эрхгүй болжээ. Бид хүүхдийн мөнгийг хасахыг буруу гэж үзэж байна. Жилд хүүхдийн мөнгөнд 200 тэрбум төгрөг зарцуулдаг. Гадныханд санхүүгийн эрх мэдлээ өгөхдөө хүүхдүүдийнхээ эрх ашгийг хөнддөг байж болохгүй. Хүүхдийн мөнгийг төсөвт бүтнээр нь тавь гэж бид шаардах болно” гэлээ.
Түүнчлэн тэрбээр, “Манай улсын иргэдийн дундаж наслалт 65 байхад тэтгэврийн насыг 65 болгож байгаа нь буруу. Мөн нийт иргэдийн 70 хувь нь унадаг, татваргүйгээр орж ирдэг “Приус” машинд 50 хувийн татвар ногдуулах гэж байна. Мөн Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгааг зөвтгөх аргагүй. ОУВС-гаас орлогоо нэмэгдүүл, зардлаа хас, алдагдлаа бууруул гэсэн шаардлага тавьж буй. Гэтэл төсвийн тодотгол энэхүү бодлогын эсрэг зүгт боловсруулагдсан. Орлого нэмэх тал дээр өмч хувьчлалаас 170 тэрбум төгрөг олох бололцоотой. Ханшийн зөрүүгээс алдагдлаа бууруулж болно. Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханш өсч байгаа циклийг оновчтой ашиглах ёстой. Үүний зэрэгцээ хилийн чанадад цэргийн сургуульд сурч байгаа 450 оюутны сургалтын төлбөрийг хассан байгааг бүлэг дэмжих боломжгүй" гэв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Хямралаас гарахын тулд аль ч улс одоогийн байгаа ажлын байр, орлогын түвшинг бууруулахгүй байхад анхаардаг. Гэтэл манай улс үүний эсрэг ажиллаад байна. Төсвийн тодотголын одоогийн хувилбарыг үзэхэд нэг иргэнд Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, хадгаламжийн хүүнд татвар ногдуулахаар байгаа. Энэ нь нэг хүнд гурван төрлийн татварын ачаалал болж очно. ОУВС-гийн хөтөлбөрт хамарч байгаа бол зэрэгцээд улс хуримтлалтай байх ёстой. Харамсалтай нь Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд байгаа бүх мөнгөө төсвийн алдагдал руу хийгээд 2024 он хүртэл энэ хуулиудын үйлчлэх хугацааг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл сандаа хуримтлал үүсгэхгүй гэсэн үг. Тэгэхээр улс өөрөө ч хуримтлалгүй, иргэд хуримтлал үүсгэх боломж олгохгүй нь. Ийм алдаатай бодлого төсвийн багц хуулийн эцсийн үр дүнд гарахаар байна. Тэгэхээр гарцаагүй байдалд орсон гэдэг шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал үргэлжилнэ” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Төсвийн тодотгол дээр эрх баригчид голлох үзүүлэлтүүдийг багаар тооцож, тодотголыг боловсруулсан. Дараа нь үр ашигтай ажилласан мэтээр иргэдийг төөрөгдүүлэх гэж байна. Эдийн засагчдын тооцооллоор бол, энэ оны эцэст төсвийн орлого 720 тэрбум төгрөгөөр давна гэсэн тооцоо хийсэн” хэмээн мэдээллээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал