Д.Эрдэнэбат: Гадныхны дэмжлэггүйгээр эдийн засгаа сэргээх боломж бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан цаг сунган хуралдаж байна.
Учир нь АН-ын бүлэг төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр 3 цагийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Хэлэлцүүлгийн эхэнд АН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат уншиж танилцууллаа. Тэрбээр “Өнөөгийн эдийн засгийн хүндрэл нь 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг иргэн бүрт 21 мянган төгрөг болгон тарааснаас эхлэлтэй. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ унасан үед Ардчилсан нам улс орныг удирдаж, олон улсын зах зээлд бонд босгож, томоохон бүтээн байгуулалтуудыг хийж ирсэн. Өнөөдөр уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч байна. Төсвийн бодлогыг өр зээл нэмэхэд бус, үндэсний хэмнэлтийн бодлого руу шилжүүлж чадвал бидэнд гадны дэмжлэггүйгээр эдийн засгаа босгох боломж бий.
Эдийн засгийн хямралыг давах үндсэн арга зам бол хамгийн түрүүнд үр ашиггүй зардлаа хасах явдал. 2017 онд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 8 их наяд 567 тэрбум төгрөг байхаар баталсаныг 8 их наяд 789 тэрбум болгож нэмэх гэж байна. Зардлаа бууруулахгүйгээр ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд нэмэлт татварын ачаа үүрүүлэх нь хамгийн оновчгүй бодлого юм.
Ард түмэн бус албан тушаалтнууд бүсээ чангална гэж Ерөнхий сайдын хэлсэн үг цуурай болон замхарч байна. Төсвийн тухай тодотголын төсөлд гэхэд Ерөнхий сайд болон кабинетын сайдуудын төсвийг 404 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага юу байв?Төсвийн байгуулагуудын ажиллагсадын тоо өнгөрсөн 6 сарын хугацаанд 200 гаруйгаар нэмэгдэж, дэд сайд, агентлагийн орлогч нар олширсон. Тэдгээрийн авдаг цалин, хэрэглэдэг автомашины тоо өсч, сууц байрны ашиглалтын үр ашиггүй зардлууд чинээндээ хүртэл өсчээ.
Тавхан сарын өмнө 2017 оны төсвийн хуулийг батлахад Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэнэ гэж байсан бол өдгөө -0.2 хувь байх нь гэж байгаа нь Засгийн газар, Сангийн яам дэндүү хариуцлагагүй, ОУВС-гийн хөтөлбөрт хамруулах зорилгоор зориуд хасах дүнтэй оруулж ирж байгаа нь туйлын бодлогогүйг харуулж байна. Таван том төслийг эхлүүлснээр эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэнэ гэсэн Сангийн сайдын үгийг ард түмэн мартаагүй байгаа. Өнөөдрийн байдлаар хөдөлсөн том төсөл нэг ч алга. Монгол Улсын эдийн засгийг хямралаас гаргах төлөвлөгөөг УИХ-аас батлаад 7 сар болж байхад өрийг өндөр хүүтэй өрөөр сольсноос өөр тоймтой хэрэгжиж эхэлсэн, хэрэгжсэн зүйл ард иргэдэд мэдрэгдэхгүй байна.
Ардчилсан нам нүүрсний үнэ үнс болж байх эдийн засгийн хамгийн хүнд үед шинийг сэдэж, бодлого гаргаж, алдаа онооноос эмээлгүй, бүтээн байгуулалтуудыг хүний нүдэнд харагдаж, амьдралд мэдрэгдтэл сэтгэл гаргаж хийсэн юм. Ардчилсан намын хийсэн бүхнийг үгүйсгэн туйлширч, ард түмэнд тустай, эдийн засагт ашигтай бодлогуудыг шат дараалан зогсоохгүй байхыг шаардаж байна.
Бусдын нэрийг барьж, Монгол төрийн нэр хүнд, чадавхийг уландаа гишгиж, санаачилгагүй ажиллаж, хамгийн хүнд ачааг иргэддээ үүрүүлэх туйлын хариуцлагагүй сонголтыг эрх баригчид хийлээ. Засгийн газар энэ байдлаа засч залруулж чадахгүй тохиолдолд огцруулах хүртэлх арга хэмжээг цаашид авах болно гэдгээ сөрөг хүчний зүгээс хатуу анхааруулж байна” гэв.
Б.Туул
Холбоотой мэдээ

