Их Британид үл хөдлөх хөрөнгөтэй гадаадын олигархуудыг илрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-04-12 15:42:49

ЛОНДОН. /TASS/. Их Британид олон тэрбум фунт стерлингийн үнэтэй тансаг эдлэн газар, дээд зэрэглэлийн үнэтэй харшууд эзэмшдэг нэр усгүй компаниудын ард нуугдаж буй олигархууд авлигатай тэмцэх шинэ журмын дагуу өөрсдийн нэрээ ил болгохоос аргагүйд хүрч байгаа аж. Үндсэн бизнес нь хилийн чанадад байдаг боловч Британид үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гадаадын иргэдийг илрүүлэх нь Их Британийн Засгийн газрын зорилго юм гэж The Times сонинд бичжээ.

Сонинд мэдээлснээр, Британийн Засгийн газар дэлхийд анх удаа олигархуудын жагсаалтыг гаргах гэж байна. Уг жагсаалтад Лондоны үнэтэй харшуудыг худалдаж авахын тулд компанийн нэр ашигласан олигархууд, гадаадын засгийн газрын түшмэдүүд, улс төрчдийн овог нэрийг бичих юм байна. Тэдний үйл ажиллагаа тус хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэд нөлөөлж байгаа юм.

Гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний агентлагийн мэдэгдсэнээр, энэхүү алхам нь Лондон хотын төвийн дүүргүүдийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ил тод байдлыг сайжруулах, хууль бус аргаар олж авсан хөрөнгийн урсгалыг хянах, мөнгө угаах явдалтай тэмцэхэд чиглэсэн ажээ.

Саяхан явуулсан судалгаагаар, Англи болон Уэльс дэх нийт 122 тэрбум фунт стерлингийн /152 тэрбум доллар/ үнэтэй үл хөдлөх хөрөнгө гадаадын компаниудын эзэмшилд байдаг нь тодорхой болсон байна. Үүгээр зогсохгүй 4,4 тэрбум фунт стерлингээр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн 160 объект нууц хэлцлээр гараас гарт дамжжээ.

Гадаадын бизнесменүүдийн эзэмшилд байдаг тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн ихэнх нь Лондонд, тэр дундаа Уэстминстер, Кенсингтон, Челси дүүрэгт байдаг аж. Саяхан Лондон хотын 14 шинэ харшид шалгалт хийхэд, тэдгээрийн 80 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид худалдаж авсан байсан бол 40 хувийг нь сэжигтэй, нуугдмал хөрөнгөөр худалдаж авсан нь ил болжээ.

Их Британид харш болон байр орон сууц худалдан авсан олон компани Британийн Виржиний арлууд зэрэг оффшорт бүсүүдэд бүртгэлтэй байдаг нь үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэн нь хэн болохыг тогтоох боломжгүй болгож байна.

Бизнес асуудал эрхэлсэн дэд сайд Марго Жеймсийн үзэж байгаагаар, дээрх жагсаалтыг гаргах нь Их Британийг “итгэл хүлээж чадах үнэнч шударга” улс гэж харагдуулан, тус улсын нэр хүндийг нь дээшлүүлэх аж. “Найдвартай хөрөнгө оруулагчдыг татахын тулд Нэгдсэн вант улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл шударга, ил тод, цэвэр байх ёстой. Шударга бизнесменүүд Британийн эдийн засагт хөрөнгө оруулснаараа гэмт үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар дэмжих вий гэж болгоомжлох ёсгүй” хэмээн Жеймс онцлон хэлжээ.

Ийм жагсаалт одоогийн байдлаар дэлхий дээр хаа ч байхгүй учраас Британийн засгийн газар хуулийн дагуу явагдаж буй бизнест учрах дарамтыг хамгийн бага байлгах болон ил тод байдлыг сайжруулах гэсэн хоёр зүйлийн тэнцвэрийг олж, болгоомжтой ажиллах ёстой юм.

О.Барс

 

 

 

Холбоотой мэдээ