Хууль сурталчлах аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-12 15:16:38

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ГХУСАЗЗ, аймгийн Засаг даргын Тамгын газар, хуулийн байгууллагатай хамтран бүх суманд хууль сурталчлах аяны ажлын хэсэг ажиллуулж байна.

Хууль сурталчлах аяны үеэр “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтаж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль” болон бусад хуулийн талаар мэдээлэл хийж, хуулийн байгууллагын үйл ажиллагааг тайлагнаж байна.

-Энэ аяны хүрээнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах юм. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөр, “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг сурталчилж, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгнө. Сум, багийн иргэдэд соёлын болон цэнгээнт тэмцээний хэлбэрээр хуулийн мэдлэг олгож, хичээл заан, сурталчилгааны материал, гарын авлага тарааж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Хишигдаваа ярилаа.

Гэмт хэрэг зөрчил ихэвчлэн гэр орон, ахуйн хүрээнд гарч байгаа учраас “Гэр бүлийн өдөр” угтаж хууль сурталчлах аяныг зохион байгуулж байгаа аж.

“Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг товлосноос хойш өдгөө 22 жил болж байгаа бөгөөд манай улсын хувьд энэхүү өдрийг энэ жил арав хоёр дахь удаагаа тэмдэглэх юм байна. 

М.Батжаргал

Холбоотой мэдээ