Стандартын шаардлага хангасан гол нэрийн бүтээгдэхүүний тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-12 14:54:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хэдэн арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ.  

Энэхүү ажлын хүрээнд Аймгийн хэмжээний нийт хүн амд шаардлагатай хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний тооцоо судалгааг нарийвчлан гаргаж, аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүний хангамжийг бий болгож чадсан аж. Ингэж стандартын шаардлагын дагуу шошгожуулж, хэрэглэх хугацаа нь тодорхой бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэх дадалд сургаж, үйлдвэрлэгчдэд тавих шаардлагыг тогтмолжуулснаар стандартын шаардлага хангасан гол нэрийн бүтээгдэхүүний тоо  нэмэгдсэн байна. Тухайлбал аймгийн хэмжээнд мах, сүү, гурил,  төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100, өндөгний 17.7, тараг аарцны 52.8, гурилан бүтээгдэхүүний 39.8, жимсний 22.8,  ургамлын тосны 1.1 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа аж. Харин махны 10 хувийг, сүүний 20 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж, бусад нь мал эмнэлэг, ариун цэврийн хяналтын дор  бэлтгэгдсэн  бүтээгдэхүүн эзэлж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт баяжуулсан гурилын болон зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүний үйлдвэр хоёр, хүүхдийн хоолны нэг, импортыг орлох ургамлын тосны хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

  Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ