Зориудаар бороо оруулахад 420 сая төгрөг зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-11 16:29:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн тодотголыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол танилцуулав. ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн онцолсон. Тэрбээр, “ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд уул уурхайгаас  төсвийн орлогын хамаарлыг бууруулах, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулахаар төсвийн тодотголын төсөлд тусгасныг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Сарангэрэл, Я.Содбаатар нар санал хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж малчин, тариаланчдын амжиргааг дэмжих Мах, сүүний анхдугаар аян өрнүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлд олгох зээлийг нэмэгдүүлэхээр зэргийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар БОАЖ-ын сайдын багцад зориудаар бороо хур оруулах зориулалтаар газрын генераторын түлш 500, борооны 1000 пуужин авахад 420 сая төгрөг нэмж тусгах санал гаргасныг олонх дэмжлээ. Харин Б.Пүрэвбаатар гишүүн БОАЖ-ын сайдын багцын 1.2 тэрбум, ХХААХҮ-ийн сайдын багцын 15.2 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хасах санал гаргасныг олонх дэмжсэнгүй.

Ийнхүү байнгын хороо санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх болов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ