“Emirates Airlines” дэлхийн шилдэг компаниар тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-04-10 14:55:27

ДУБАЙ. /ChannelNewsAsia/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ иргэний агаарын тээврийн “Emirates Airlines” компани дэлхийн хамгийн шилдэг иргэний агаарын тээврийн компаниар шалгарсан тухай аялал жуулчлалын салбарт судалгаа явуулж, мэдээ мэдээллээр хангадаг Америкийн “TripAdvisor” компани мэдэгдлээ.

“TripAdvisor” компани анх удаагаа аялагчдын дунд санал асуулга явуулах замаар иргэний агаарын тээврийн шилдэг компанийг тодруулсан байна.

Сингапурын “Singapore Airlines” компани хоёрдугаарт орсон бол Бразилын “Azul” жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

“Emirates Airlines” компанийн Ерөнхийлөгч Тим Кларк мэдэгдэхдээ “TripAdvisor”-ын аялагчдын дунд явуулсан санал асуулгаар манай компани 2017 оны шилдэг иргэний агаарын тээврийн компани болсонд баяртай байна. Ийм шагнал авсан нь нэр төрийн хэрэг” гэжээ.

“Emirates Airlines” бол зургаан тивийн 83 улсын 155 чиглэлд нислэг үйлддэг дэлхийн хамгийн том олон улсын иргэний агаарын тээврийн компани юм.

Дээр дурдсан гурван компанийн араас АНУ-ын “JetBlue”, Шинэ Зеландын “Air New Zealand”, Өмнөд Солонгосын “Korean Air”, Японы “Japan Airlines”, Таиландын “Thai Smile”, АНУ-ын “Alaska Airlines” болон Индонезийн “Garuda Indonesia” компаниуд орж, дэлхийн шилдэг иргэний агаарын тээврийн компаниудын жагсаалтын эхний 10-т багтжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ