Франц улс хамгийн анхны АЦС-аа хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-10 10:51:12

ПАРИС. /Reuters/. Франц улс хамгийн анхны атомын цахилгаан станцаа /АЦС/ 2020 он гэхэд хаана.

Зүүн хилээсээ холгүй орших “Фессенхайм” АЦС-ыг хаах шийдвэрийг Францын Засгийн газар өнгөрсөн амралтын өдөр гаргажээ.

Тус АЦС 1977 оноос эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн байна.

Франц улс нь цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 75 хувийг цөмийн эрчим хүчээр хангадаг. Өөрөөр хэлбэл, тус улс нь цөмийн эрчим хүчнээс хамгийн их хамааралтай байдаг улс юм.

Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа цөмийн эрчим хүчнээс хамааралтай байдлыг багасгаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 2012 онд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан аж.

Гэхдээ ерөнхийлөгчийн албан хаших үүрэгт хугацаа нь ирэх сард дуусгавар болох учир Ф.Олланд энэ амлалтаа бүрэн биелүүлж амжихгүй нь бололтой.

Тус АЦС-ыг ажиллуулдаг “EDF” компанийн ажилтнууд ажлын байрны асуудлын улмаас станцыг шууд хаахыг эсэргүүцэж байгаа юм.

Францын ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 23-нд болно. Ф.Олландын Социалист намаас нэр дэвшигч сонгуульд ялах магадлал тун бага байна. Ийм учраас “Фессенхайм” АЦС шинэ засаг захиргааны үед хаагдах эсэх нь эргэлзээтэй юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ