Айлуудыг шар усны үерээс сэргийлэх арга хэмжээ давхар авахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-10 10:11:54

Увс /МОНЦАМЭ/ Улаангом сумын Чандмань багийн нутгаар шар усны үертэй байна. Одоогоор 2 м орчим гүнзгий ухсан шуудуугаар шар усны үер урсаж байгаа бөгөөд өнгөрсөн 1-р сард хаагаад байсан олон улсын чанартай авотзамын гурван гүүрийг шат дараатай нээгээд байна.

Шар ус нь Чандманиас доош эргэж гэр хорооллын дундуур урсаж байгаа учир айл өрхүүд шуудуу татах, далан хаалт барих ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй хэмээн аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

Өнгөрсөн өвөл хөрсний ус ил гарч, хиймэл нуурын далан сэтэрснээс их хэмжээний ус хар замын дагуу давхарлан хөлдөж, улмаар мөсний зузаан 3-5 метрт хүрсэн. Үүний улмаас Улаангом-Боршоо чиглэлийн олон улсын автомзам усанд автах, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй айл өрх, 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага усанд автах нөхцөл байдал үүсээд байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” компани, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ажлын хэсгүүд удаа гарч ажилласан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Энэ хугацаанд далан хаах, сэргээн засварлах, усны голдирлыг өөрчлөх зэрэг ажлыг хийсэн ч нөхцөл байдал улам хүндэрчээ. Мөн Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123-р ангиас 5 хүний бүрэлдэхүүнтэй тэсэлгээний баг ирж 2-р сарын дундуур ажилласнаас гадна өнгөрсөн сарын эхээр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” Увс аймагт ажиллаж, яаралтай арга хэмжээ авахад шаардагдах хөрөнгө мөнгөний тооцоо гаргаад буцсан юм. Гэвч бас л үр дүн гараагүй. Цаг агаар дулаарсантай холбогдуулан хөлдүү мөсөн дээгүүр шар усны үер нэмэгдэж ирэх магадлал өндөр болсон тул аймгийн Онцгой комисс болон ОБГ-аас өнгөрсөн сарын дундуур төрийн албан хаагчдыг дайчлан хоёр км гаруй газарт 2 м орчим гүнзгий шуудуй ухуулж, мөс зайлуулах, усны голдирлыг өөрчлөх ажлууд хийгээд байгаа юм.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ