Д.Трамп, Си Зиньпин нар худалдааны тэнцвэргүй байдлыг залруулах төлөвлөгөөтэй санал нэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-09 12:31:50

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,  Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин нар Хятад улстай хийж буй АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах “100 өдрийн төлөвлөгөө”-г дагаж мөрдөхөөр харилцан тохиролцов.  

Хоёр орны төрийн тэргүүд анхны дээд хэмжээний уулзалтаа АНУ-ын Флорида мужид орших Д.Трампын Мар-а-Лаго хэмээх эдлэнд пүрэв, баасан гарагуудад хийсэн юм.

Хятадын эдийн засаг худалдааны бодлого АНУ-ын экспорт болон ажлын байранд аюул учруулж байгаад ихээхэн санаа зовж байгаагаа Трамп онцлон дурдсан байна.

АНУ-ын Худалдаа хариуцсан нарийн бичгийн дарга Вильбур Росс дараа нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хоёр орны төрийн тэргүүд худалдааны тэнцэлд залруулга хийх “100 өдрийн төлөвлөгөө”-тэй санал нэгдсэн. Үүнд Хятадад хийх АНУ-ын экспортыг эрс өсгөх асуудал багтсан гэжээ. Росс уг дээд хэмжээний яриа хэлэлцээрт оролцсон ажээ.  

Мөн түүнчлэн Трамп болон Си нар “АНУ-Хятадын олон талт яриа хэлцэл” хийхээр тогтсон байна. Ингэснээр, өмнөх Стратеги, эдийн засгийн яриа хэлцлүүдийг солих бөгөөд хоёр ерөнхийлөгч энэхүү шинэ хамтын ажиллагааг удирдан чиглүүлж хянаж байх ажээ. Үүнд хэд хэдэн чиглэлийг тусгасан бөгөөд “хууль хэрэгжүүлэх" болон "кибер аюулгүй байдал” мөн “эдийн засаг”-ийн асуудлууд багтсан байна. 

Умард Солонгосын асуудлаар тус улсын эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх тал дээр ерөнхийлөгчид хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээ дахин мэдэгдсэн байна. 

Хэрэв Хятад улс Умард Солонгосын эсрэг тавьсан хоригийг чангатгахаас татгалзвал АНУ-ын зүгээс олон талт арга хэмжээ авах болно гэдгээ Трамп Си-д мэдэгджээ.  

Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын тэнгисийн үйл ажиллагааны тухайд мөн олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөхийн чухлыг Трамп онцлон тэмдэглэсэн байна. 

Дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэвлэлийн бага хурал хийлгэжээ. 

Тиллерсон хэлэхдээ пүрэв гарагт оройн зоог барьж дуусахын өмнөхөн Трамп Сирид химийн зэвсэг ашигласаны хариуд АНУ-ын зэвсэгт хүчин Сирийн засгийн газрын агаарын бааз руу холын тусгалтай далавчит пуужин харвасан гэж Си-д хэлсэн бөгөөд Си АНУ-ын хариу үйлдлийг ойлгож байгаагаа хэлээд хүүхдүүд өртөж амь насаа алдсаныг онцлон дурдсан гэжээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ