Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт ирэх наймдугаар сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-08 12:23:00

Дундговь/МОНЦАМЭ/ Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн Мандалговь хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав. Тэрээр, Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 5 аймагт цэвэрлэх байгууламж барина. Үүнд  Дундговь аймаг багтаж байгаа. Цэвэрлэх байгууламжийг зураг төслийн дагуу барих ажил 8 дугаар сард эхэлнэ гэлээ.

Мандалговь хотод нэн түрүүнд шаардлагатай бүтээн байгуулалт бол бохир ус цэвэрлэх байгууламж болоод байгаа юм. Одоо байгаа байгууламж  механик  ажиллагаатай. Хоногт 1300 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтайгаар анх ашиглалтад орж байсан.  Ашиглалтын явцад элс баригч болон ихэнх тунгаагуурууд бүрэн ажиллагаагүй болж, бохир ус дөнгөж 30 гаруй хувьтай цэвэрлэгдэн байгальд шууд хаягдаж байгаа юм. Үүний улмаас их хэмжээний хөрсний бохирдол үүсгэж байгаа бөгөөд эл байдалтай дэд сайд Ш. Лхамсүрэн газар дээр нь танилцсан.

Мандалговийн шинэ суурьшлийн бүс тэлж, газар өмчлөл цэвэрлэх байгууламжийн хаяанд тулж очсон,  эл байгууламжийн хүчин чадал, хэвийн үйл ажиллагаа өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байгаа, байгальд хаягдаж байгаа уснаас үүдэлтэй хөрсний бохирдол ихэсч байгаа зэрэг дурьдвал олон хүчин зүйл  Мандалговьд шинэ цэвэрлэх байгууламж яах аргагүй шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм.

Дэд сайдын хэлснээр ирэх наймдугаар сараас Мандалговь хот бохир усаа стандартад нийцсэн хэмжээнд цэвэрлэх нөхцөл бүрдэж эхлэх юм байна. Зураг төсөл нь хийгдсэн. Хоногт 2700 шоо метр бохир усыг 98 хувьтай цэвэрлэж, цэвэрлэгдсэн усыг эргэж ашиглах боломжтой, байгаль орчинд халгүй байгууламж байна гэлээ.  

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ