Согтуудаа эхнэрийнхээ аминд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-08 00:10:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр ханилсан ханиа онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа. 

Тодруулбал, Мандал сумын Хэрх тосгоны харъяат эмэгтэй С-г түүний нөхөр болох У нь онц хэрцгийгээр хөнөөсөн байна. Талийгаач эмэгтэйн нөхөр У нь 44 настай, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын 19-р ангийн алба хаагч, офицер цолтой нэгэн аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 91-р зүйл анги буюу хүний амь насыг санаатай хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байгаа юм байна.

Дээрх хэргийн талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын явцад мэдээлэл гадагшлуулах нь шалгалтын явцад нөлөөлж болзошгүй” хэмээлээ. Зүүнхараа дахь эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэрэг гардаг өдөр Монгол цэргийн баярын өдөр тохиож байсан бөгөөд сэжигтэн У нь Мандал сумын төв Зүүнхараад үйл ажиллагаа явуулдаг цэрэгжсэн байгууллагуудын дунд болсон марш тактикийн тэмцээнд оролцжээ. Улмаар тэмцээн тарсны дараа сэжигтэн У нь цэргийн баяр тэмдэглэн хамт олонтойгоо архидан согтуурсан аж. Тэрээр энэхүү савнаасаа бусдыг дийлдэг  сархад хэмээх ундааг хэтрүүлэн хэрэглэснээр энэ аймшигт хэргийн эзэн болжээ.  Сэжигтэн У нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хэрэг гардаг өдөр согтуурсан байсан учир болсон үйл явдлыг бүрэн санахгүй байна. Өглөөгүүр ухаан ороод, эхнэрээ амиа алдсан байхыг олж харсан. Ямар шалтгаанаар муудалцсан эсэхээ мөн л санахгүй байна” хэмээн мэдүүлсэн гэнэ.

Нутгийн иргэдийн мэдээлснээр нөхрийнхөө гарт амиа алдсан гэх хохирогч С нь Мандал сумын Хэрх багийн нутагт байрлах дунд сургуулийн нийгмийн ажилтан бүсгүй байсан аж.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ