Төсвөөс гадуур хэрэгжиж буй концессын ажлуудыг нягтлах шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-07 13:41:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Орон нутгийн хөгжлийн сан 2012 оноос шинээр бий болж, аймаг сумд тулгамдсан асуудлаа уг сангийн хүрээнд шийдвэрлэж ирсэн. Гэтэл сүүлийн үед улс орны эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаанаар уг санд хуваарилаж буй хөрөнгийн хэмжээг бууруулсаар ирсэн. Тодруулбал, 2016 онд 120 тэрбум төгрөг хуваарилаж байсан бол 2017 онд 74 тэрбум төгрөг баталсан байдаг. Гэтэл төсвийн тодотголоор энэхүү 74 тэрбум төгрөгөөс 21 тэрбумыг хасаад 53 тэрбум төгрөг тавьсан байна. Сайдуудын төсвийг нэмсэн байхад аймгуудын дарга нарт очих мөнгийг хасаад байгаа нь ямар учиртай вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Ажлын хэсгийн зүгээс гишүүний асуултад, “Улсын төсөв дээр хэмнэлт хийж байгаа энэ үед орон нутгийн түвшинд таналт хийх хэрэгтэй гэсэн асуудлыг ОУВС-гаас тавьсан” гэсэн тайлбарыг хийж байв.

УИХ-ын гишүүн Баделхан, “Өнгөрсөн хугацаанд концессын гэрээ байгуулах замаар өр нэмэгдүүлж ирсэн. Иймээс энэ асуудлыг зохицуулалтад оруулж, хариуцлагажуулах хэрэгтэй. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойшхи хугацаанд хэдэн концессын гэрээ байгуулав” гэсэн асуултыг тавьсан. "Одоогийн байдлаар нийт 38 барьж шилжүүлэх концессын гэрээ байгуулаад байгаа ба шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш 3 гэрээг байгуулсан" хэмээн ажлын хэсгээс тайлбар хийсэн. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар болон зарим гишүүд төсвөөс гадуур хэрэгжиж буй концессын ажлууд дээр анхаарч ажиллах нь зүйтэй. 

Түүнчлэн УИХ-ын гишүүдийг ОУВС-тай тохиролцож буй хүснэгт бүхий мэдээллээр хангах хэрэгтэй хэмээв. 

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ