Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-06 17:39:25

Хөвсгөл \МОНЦАМЭ\. Хөвсгөл аймаг Жайка олон улсын байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт  илрүүлэн, хөгжлийн дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус аймагт 2016 оны 6 сараас эхлэн туршилтын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ оноос 2019 оныг хүртэл дээрх төслийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлээд  дараа нь ямар дэмжлэг шаардлагатайг үнэлж,  дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран ажиллана. Мөн төслийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол эзэмшүүлэх ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж тэр хүүхэдтэй ажиллах багш, эцэг, эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах нэгдсэн арга зүйгээр хангах юм. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төвийг тогтмол ажиллуулдаг Мөрөн сумын Ирээдүй, Титэм гэсэн хоёр сургуулийг сонгон сургалтуудыг багш, эцэг эхчүүдэд зохион байгуулж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа тогтолцоог бүрдүүлэх, энэ чиглэлээр эрүүл мнэдийн байгууллага хөдөлмөр нийгмийн хамгааллын хүрээнд яаж хамтарч ажиллах улсын хэмжээнд болон аймгийн хэмжээнд ямар тогтолцоо бий болгох вэ гэдэг тал дээр ажиллаж байгаа ажээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комиссыг байгуулсан бөгөөд аймгийн хэмжээнд 600 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн судалгаа гарчээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ