Сэлэнгэд үйлдвэрлэлийн осол буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-06 17:35:44

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье" сэдэвт сарын аяны нээлт өчигдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Партизаны талбайд боллоо.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, албан байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр аймгийн Цагдаагийн газар, ОБГ, ХЦ-ийн 0243-р ангийн албан хаагчид хөдөлмөрийн байран дээрх аюулгүй ажиллагааг харуулсан үзүүлэх тоглолтыг сонирхогч иргэдэд үзүүллээ.

Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа:-“Сэлэнгэ аймаг 2013 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан жил бүрийн 4-р сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлж эхэлсэн. Үүгээрээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрүүдийг орон нутагт шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж үйлдвэрлэлийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг дадлага, чадварыг иргэддээ олгон сурталчилж хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ 2017 оныг  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэхүү арга хэмжээг ийм уриатайгаар зохион байгуулснаар ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй, эрүүл байдал, эрүүл ахуйн соёл орчин нөхцөлийг зөв бүрдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход энэхүү арга хэмжээний гол учир утга оршиж, үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна. Иймээс энэ удаагийн аяны хүрээнд эдгээр зүйлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, ажлыг үр нөлөөтэй зохион байгуулахыг аймаг, сумдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зөвлөл, аж ахуйн нэгж, байгууллага бүрт уриалж байна” хэмээн хэлсэн юм.

Мөн аймгийн ХАБЭХ-н зөвлөлийн дарга Ө.Сувдаа:”-Энэ сарын аян маань жил бүр зохион байгуулдаг ажил. Энэ жилийн тухайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ажлын байран дээр нь нэвтрүүлье уриатайгаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Ер нь жил бүр энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг сурталчлах, ард иргэдэд таниулах ажлыг ажлын байран дээр нь хэвшүүлэх арга хэмжээг манай аймаг нэлээд сайн зохион байгуулж ирсэн. Бид ХАБЭХ-н хөтөлбөрийн 5 дахь хөтөлбөрт саналаа өгөх хойд бүсийн хэлэлцүүлгийг аймаг дээрээ амжилттай зохион байгуулсан байгаа. Энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр маш олон зүйлүүдийг төлөвлөөд байгаагийн нэг ажил өнөөдрийн арга хэмжээ болж байна. Хэдийгээр сарын аян нэртэй нээлтээ хийж байгаа ч гэсэн бидний, байгууллага, хүн бүрийн анхаарлын төвд байнга байх ёстой учраас энэ чиглэлд цаашдаа ажил арга хэмжээг түлхүү хийнэ” гэлээ.

Сэлэнгэ аймгийн хувьд үйлдвэрлэлийн осол сүүлийн жилүүдэд өсөөгүй ч буураагүй аж. 2016 оны байдлаар 15 гаруй осол гарч 2 хүн амь насаа алдсан байна. Сүүлийн 3 жил энэ тоо хэвээрээ байгаа ажээ. Иймээс аймгийн хэмжээнд осол хэмээх зүйлийг ажлын байран дээр гаргахгүй байх талаас аймгаас тодорхой бодлого чиглэлтэй ажлуудыг зохион байгуулж байгаа аж. Сарын аяны нээлтийн үеэр байгууллагынхаа онцлогийг тодотгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн иж бүрдлийг ханган бусдыгаа манлайлан идэвх санаачилгатай оролцсон аймгийн ОБГ, АЗЗА зэрэг байгууллагуудыг шагнаж урамшууллаа.         

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ