М.Такаока: Япон Улсаас өгөх тусламж бол ОУВС-гийн хэрэгжүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока өнөөдөр хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүд болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт Японд албан ёсны айлчлал хийсэн. Япон Улсын парламентын Төлөөлөгчийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар хийсэн уг айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр тохиосон нь онцлог гэдгийг Элчин сайд мэдээллийнхээ эхэнд дурьдав.
Тэрбээр, “УИХ-ын дарга айлчлалынхаа үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсан. Японы Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллахаар эхний байдлаар тохиролцсоныг сайшаагаад Япон Улсын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Япон улсаас Монгол улсад үзүүлэх тусламж нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг байх юм.
Мөн айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида нар 2017-2021 онд хэрэгжих “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөр нь хоёр орны харилцаа ирэх 5 жилд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн солилцооны чиглэлд хэрхэн хөгжихийг тодорхойлох юм. Улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд өндөр, дээд түвшний айлчлалыг үргэлжлүүлэх, Парламентын бүлэг хоорондын харилцааг хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын тавцан дахь харилцааг хөгжүүлэх, тэнгисийн аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан.
“Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг тогтвортой хэрэгжүүлэх, ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийг сэргээх чиглэлд хамтран ажиллах болно. Түүнчлэн Соёл, иргэдийн солилцооны чиглэлд ч өргөн хүрээнд хамтран ажиллана. Тухайлбал, “Токио 2020” олимпийн үеэр Японд очих Монголын тамирчдыг манай улсын 11 хот хүлээн авах санал ирүүлснийг дурьдаж болно” гэв.
Монгол, Япон улс 2010 онд стратегийн түншлэл байгуулах тохиролцоонд хүрсэн. Уг тохиролцоог хэрэгжүүлэх, хоёр орны харилцааг өндөр түвшинд хүргэхэд Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийсэн гурван удаагийн айлчлал томоохон түлхэц үзүүлж буйг дурьдав. Мөн тус улсаас Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг танилцууллаа.
Тухайлбал, Хөшгийн хөндийд барьж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын барилгыг удахгүй ашиглалтад оруулна. Энэ нисэх буудал Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Түүнчлэн АШУҮИС-ийн харъяа Эрүүл мэндийн сургалтын эмнэлгийн барилгыг барьж байгаа. Энэ оны 9-10 дугаар сард ашиглалтад өгнө хэмээв.
Энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45, Японы сайн дурын ажилтнууд Монголд ажиллаж эхэлсний 25, ЖАЙКА-ийн төлөөлөгчийн газар Монголд нээгдсэний 20, Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсаны 15 жилийн ой тус тус тохиож байна.
Ойн арга хэмжээний хүрээнд Элчин сайдын яамнаас хэд хэдэн томоохон ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь УИХ-ын даргын айлчлалыг нэрлэж болох юм. Мөн Монголын талаас Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхимын дарга нар, Гадаад хэргийн сайд болон Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн гишүүдийг урьсан гэлээ.
Элчин сайд М.Такаока, “Японы соёлын солилцооны арга хэмжээнүүд Монгол Улсад нэр хүндтэй болж байгааг дурдаад. Саяхан “UB Kimono Fashion show” болсон. Мөн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцааг эрчимжүүлэх зорилготой байна. Өнгөрсөн сараас эхлэн Монголд Японы цэргийн атташе ажиллаж эхэллээ. Энэ онд Монголд жил бүр зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуульд оролцох бодолтой байна. Мөн энэ оны долдугаар сард Японы бизнес эрхлэгчид Монголд ирнэ” гэлээ.
Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
-УИХ-ын даргын айлчлалын хүрээнд “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсаас ажиллах хүч авах асуудлыг хэзээнээс эхлүүлэх вэ?
-“Техникийн хүн солилцооны хөтөлбөр” хэрэгжиж байгаа. Гэхдээ Япон улс өнгөрсөн оны 11 дүгээр сард энэ салбарынхаа шинэ хуулийг баталсан. Хууль энэ оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон хяналт тавих асуудлыг тодорхой заасан. Хэрэгжилтийг хангаад, хяналтаа сайн тавьж чадвал Япон Улсад гурван жил мэргэжилтэн дадлагажуулах хугацааг таван жил болгох боломжтой. Мөн хамрах хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа.
-Япон Улсын Засгийн газар Монголд 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэсэн. Монголын талаас энэхүү хөрөнгийг төсвийн алдагдлаа нөхөхөд зарцуулах талаар ярьж байгаа. Энэ талаар та бүхэнд мэдэгдсэн үү?
-Японы тал Монгол Улсад эдийн засгийн хүндрэлээ даван туулахад нь туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг баталсны дараа тусламж өгнө. Ямартай ч тусламж олгохдоо Монгол Улсын эрэлт, хэрэгцээг харгалзан үзэх нь дамжиггүй.
-“Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т Тавдугаар цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх асуудлыг тусгасан. Төсөл хэзээ эхлэх вэ?
-Тавдугаар цахилгаан станц бол хувийн хэвшлийн байгууллагуудын асуудал. Монгол Улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө гадаадын хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх нь туйлын чухал.
-Япон улс Монголд төсөл хэрэгжүүлэхдээ өөрсдөө хариуцаж хяналт тавьдаг. “Нарны гүүр”, “Нарны зам” зэрэг олон төслийг нэрлэж болно. 850 сая ам.долларыг Монгол Улсад зээлэхдээ тодорхой төсөл хэрэгжүүлэх санал гаргах уу?
-Япон Улсаас өгөх тусламж бол ОУВС-гийн хэрэгжүүлэх хөтөлбөрийн нэг хэсэг. Тийм болохоор нэн тэргүүнд ОУВС хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэх нь туйлын чухал. Үүнтэй холбогдуулаад Монгол Улс 2017 оны төсвийн тодотголоо нэн даруй батлах шаардлагатай.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ

