Соёлын өвийг тоолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-06 09:46:35

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт соёлын өвийн улсын үзлэг, тооллогыг хийхээр боллоо. Аймгийн хэмжээнд 2012 оны байдлаар бүртгэгдсэн аймгийн музейн сан хөмрөгийн 2286 дэсийн 4442, суманд байдаг орон нутгийг судлах танхимын 1902 үзмэрийг тоолж баталгаажуулах юм байна.

-Соёлын өвийн үзлэг хийнэ. Энэ нь соёлын өвийн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг үзэж, түүний язгуур шинж, ур чадвар, мэдлэг дадал, урын сан, эх төрх бүрэн бүтэн байдлыг шалгана гэсэн үг. Мөн өмнөх тооллогоос хойш гарсан өөрчлөлтийг шинээр тодорхойлох ажил хийнэ. Үүний үндсэн дээр тооллогын мэдээллээ шинэчилнэ гэж аймгийн музейн ажилтан Ж.Ганбат ярьлаа.

Соёлын өвийн үзлэг тооллогын үеэр сумын соёлын өвийг давхар бүртгэж, цахим мэдээллийн санг шинээр үүсгэх, шинээр бүртгэх соёлын өвийн эрэл хайгуул хийх ажилд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх юм байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ