Ү.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-05-06 09:12:44

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хаврын мод тарих өдрүүд тохиож байгаатай холбогдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзултай уулзаж ярилцлаа.


-Энэ хаврын мод тарих ажил эхэлж байна. Мод тарих, цэцэрлэгжүүлэлт хийх нь танай хүрээлэнгийн ажлын аль хэсэгт багтах вэ?

-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн мэдэлд 973 га газар байдаг.  Хүрээлэнгийн талбайн газрын гүнд нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр байгаа. Энэ эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээхийн тулд мод тарих, ногоон байгууламж бүтээх ажлыг жилийн 4 улиралд зохион байгуулах үүрэгтэй нийслэлийн Засаг даргын харьяаны байгууллага. За 2009 оноос өнөөдрийг хүртэл 15 жил үйл ажиллагаа явуулаад байна. Цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр 170 мянга, ойжуулалтын хэлбэрээр 100 мянга гаруй нийт 280 мянга орчим мод тарьсан байна. Тарьсан мод 96,5 хувьтай ургаж байгаа.


-Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт гэдэг маань хоёр өөр ойлголт уу?

-Гурван жил хүртэл мод үржүүлгийн газар бойжуулсан суулгацыг төв суурин газрын тохижилтод зориулж тарихыг цэцэрлэгжүүлэлт гээд байгаа юм. Мод үржүүлгийн газарт 1-2 жил болсон суулгац болоогүй тарьц болон модны харандаан мөчрөөр олноор мод тарихыг ойжуулалт гэж ойлгож болно. Энэ хоёр хоорондоо ийм ялгаатай.


Туул голын эргийн хамгаалалтын дагуу 2022 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалтын хэлбэрээр мод тарьсан. Сүүлийн жилүүдэд ойжуулалтаар мод тарьж байгаа. Түүнээс өмнө дандаа цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар мод тарьж ургуулж байсан.


Байгуулагдсан цагаасаа хойш 15 жилийн хугацаанд жил бүр хавар, намрын мод тарих өдрөөр мод тарих ажлыг байгууллага, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран зохион байгуулдаг. Энэ мод тарих ажил 15-20 хоног үргэлжилдэг онцлогтой. Бусад өвөл, зуны улиралд мод тариагүй үедээ ногоон байгууламжийн арчилгаа хамгаалалтыг мэргэжлийн инженерүүдийн удирдлага дор техникч цэцэрлэгчид маань хийддэг.


-Танайхыг мод тарихаас гадна үрслэгээ хийж байна гэж ойлгож болох уу?

-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д тарих боломжтой төрлийн модныхоо тарьц суулгацыг өөрсдөө бэлтгэдэг. Манайх уг нь модны үрслэгээг 1 га талбайд хийж байсан юм. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш үрслэгээний талбайгаа 4 дахин нэмж 4 га болгоод байна.

 

-Үрслэгээний талбай хаана байгуулсан юм бэ?

-Хашаан дотроо иргэдийн хөл, хөдөлгөөнөөс арай зайдуу газар стандартын дагуу мод үржүүлгийн газар байгуулсан байгаа. Манай мод үржүүлгийн газар хүлэмжид жил гаруй ургуулсан тарьцаа бортоголдог. Бортоголсон мод өөрөө хөрстэй учраас өвлөөс бусад бүх улиралд тарьж болдог онцлогтой.


-Цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтын талаа та ярилаа. Энэ хоёрт ижилхэн стандарт мөрдөгдөх үү?

-Цэцэрлэгжүүлэлт нь мод болгон дээр нэг бүрчлэн арчилгаа шаардана. Ойжуулалтын хувьд арай олноор нь зэрэгцүүлээд тарина. Тэр хэмжээгээрээ нийтээр услах зэрэг 2 өөр стандарт мөрдөгдөх жишээтэй. Цэцэрлэгжүүлэлт нь ургалтын хувь өндөр байхад ойжуулалт нь нийтээр тарьдаг учир эрсдэл ихтэй.


-Танайхыг хавар намрын мод тариалалтаар захиалга авдаг гэж ойлгодог. Энэ нь мод тарих талбайн хэмжээ, модны үрийн хүрэлцээтэй холбоотой байна уу?

-Иргэн мод тарих захиалга өгч, төрийн санд төлбөрөө хийнэ. Тэр хэмжээний модыг жил бүр тарьдаг. Манайд байгууллагууд 100-2000 мод тарих захиалга өгдөг. Иргэд 1-ээс эхлээд хэдэн зуугаар ярих жишээний. Сүүлийн жилүүдэд иргэд шинэ гэр бүл болох, хүүхэд төрөх, сургууль төгсөх, ямар нэг баярт үйл явдлаар мод тарьдаг соёл бий болсон байна.


-Танайд иргэн, аж ахуй нэгж, байгууллага төлбөр хийж мод тарих захиалга өгөхөд танайх ямар байдлаар ажилладаг гэсэн үг вэ?

-Манайх жил бүр тарих модны төрөл, талбай бэлтгэнэ. Тэр дагуу мод тарих өдрөөс 14 хоногийн өмнөөс Маркетингийн алба тоо гаргаж захиалга хүлээн авч эхэлнэ. Захиалагчид тарих модныхоо төрөл талбайг сонгоод санхүүд төлбөрөө тушаана. Дараа нь мод тарих ажилдаа орно.


-Энэ төрлийн модыг энэ цэг дээр тарина гэдэг сонголтоо иргэн, аж ахуйн нэгж хийх юм байна. Харин тэд модоо хэрхэн тарих вэ, юу бэлтгэх шаардлагатай вэ?

-Гүйлс, бүйлс тарина гэсэн сонголт хувь хүн хийсэн байлаа гэхэд,  бид түүнд тухайн цэгт мод тарих боломж олгоно. Гэхдээ тэр хүн мод тарих өдөр өөрийн хувийн бэлтгэлээ хангаж ирэх ёстой. Манай байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжийг өөрийн боломжоороо ажлын багажаар хангана. Гэхдээ манай ажлын багажаар хангах боломж бол хязгаарлагдмал. Ийм учраас иргэд, байгууллага өөрсдөө л бэлтгэлээ хангаж ирдэг. Мод тарих хүсэлтэй хүн бол өөрийн хувийн бэлтгэлээ маш сайн хангаж ирдэг шүү.


Манай инженер, техникийн ажилтан тэдэнд заавар зөвлөмж өгч хамтарч мод тарьдаг юм. Тэгээд усалгаагаа хийгээд захиалагчийн ажил дуусна. Захиалагчийн тарьсан модны арчлалт хамгаалал, ургалтыг манайх хариуцна. Гэхдээ захиалагчдад хавар намартаа тарьсан, ургаж байгаа модныхоо тогоог ирж цэвэрлэж байгаарай гэдэг захиас хүсэлтийг бид тавьдаг байх жишээтэй.


-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д хэдэн төрөл зүйлийн мод ургаж байгаа юм бэ?

-Цэцэрлэгт хүрээлэнд тохирсон цэцгэлдэг, жимсэлдэг, хашлагын гэх мэт 31 төрөл зүйлийн мод тарьж ургуулж байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн гүнд нийслэлийн хүн амын ундны ус байгаа учраас ус хамгаалдаг, нөхөн сэргээдэг төрлийн модыг түлхүү тарьдаг.


Манай хүрээлэн мод тарьж эхэлснээс хойш 15 жил болсон байна. Анхны тарьсан мод зөндөө сайхан ургажээ. Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлд тарьсан мод өнгөрсөн намрын мод тарих өдрүүдийнх.  


-Танай хүрээлэн бол хүний гараар бүтэж байгаа бүтээн байгуулалт ойн байгууламж шүү дээ. Ер нь тооцоо судалгааг ямар хэмжээгээр хийсэн байдаг вэ?

-Хөрсний судалгааг байгуулагдсан цагаасаа эхлүүлсэн. Тэр үеэс ямар төрөл зүйлийн мод тарьж ургуулах вэ гэдэг нь тодорхой болчихсон. Ерөнхий төлөвлөгөө нь 2014 онд батлагдсан байдаг юм. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн стратегийг 2021 оноос хийгээд, 2023 онд ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг, байгаль орчны үнэлээгээг дахин хийлгэсэн. Ийм учраас манай дээр бодлогын бичиг баримт болон экологийн бүх суурь судалгаа бэлэн байгаа.


Мод тарьж цэцэрлэгжүүлээгүй 710 орчим га газар байна. Энэ талбай дээр цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр сая гаруй мод тарих ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө гарсан. Түүнийг бид 2030 он гэхэд хийж хэрэгжүүлж дуусах ёстой.  


-Энэ хугацаанд ойжуулалтаар ямар хэмжээний мод тарихаар төлөвлөж байгаа вэ?

-Яг энэ чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө хараахан гараагүй байна. Туул голын хамгаалалтын зурвас хэлбэрээр ойжуулалт хийх шаардлага байгаа. Мөн цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр тарьсан модны хамгаалалт зурвас байдлаар бас ойжуулалт хийх боломжтой. Ийм учраас тухайн үеийн нөхцөл байдал хүчин чадалтайгаа уялдуулж ойжуулалтыг манайх хийх болов уу. Ер нь цэцэрлэгжүүлэлт рүүгээ илүү анхаарч ажиллана.


-Танай хүрээлэнгийн цэцэрлэгжүүлэлт хийх хүчин чадал, хүний нөөц ямар байдаг юм бэ?

-Ногоон байгууламжийн 10 инженертэй. Цэцэрлэгжүүлэгч, техникч 40 гаруй залуу байна. Манай мэргэжилтнүүдийн дундаж нас 33, залуучууд олонтой. Манай залуучууд байгаль орчны чиглэлээр сургууль төгссөн мэргэжилтнүүд л дээ. Ажилтнуудын 80 хувь нь энэ байгууллага, салбартаа 10-аас дээш жил ажилласан хүмүүс байгаа.


-Мод тарьж ургуулахыг мэргэжил гэхээс гадна ажлын байр гэж үзэх болсон байна. Жилд 2 удаа мод тарьж байна. Тэр хэмжээгээр ажлын байр шинээр бий болдог гэж ойлгож болох уу?

-Манай орон тоо 2013 онд  батлагдсан. Түүнээс хойш өөрчлөгдөөгүй. Гэхдээ манай ногоон байгууламжийн нэг ажилтанд  ногдох ажлын ачаалал жилээс жилд нэмэгдсээр байгаа. Байгууллагын зүгээс орон тоо нэмэх санал гаргадаг. Гэвч улс, нийслэлийн төсөв хязгаартай учраас бодитой шийдвэр одоогоор гараагүй байна. Мөн тарьж ургуулаад 10 орчим жил болсон мод бие дааж ургах чадвартай болдог. Ийм бие дааж ургах модны тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Энэ чинь ингэж өөр хоорондоо эргэх холбоотой явдаг.


Нэг мод тарихад ландшафтын архитектор төлөвлөгөөг нь гаргана. Агрономич, дендорлогч хөрсийг нь судална. Тарих модыг мод үржүүлгийн инженер бэлтгэнэ. Тарилтын инженер тарина. Арчилгаа хамгааллыг энэ чиглэлийн инженер болон ургамал хамгаалалтын мэргэжилтэн хийнэ. Усалгааг нь усны инженер хариуцна. Энэ 10 инженер 10 талаас нь ажилладаг.

Энэ бол шинжлэх ухаан, тэр дотроо байгалийн шинжлэх ухаан. Ийм учраас маш их цаг хугацаа хөрөнгө шаардлагатай, хүний сэтгэлээр бүтдэг ажил юм.


-Нэг жилд, тухайлбал 2023 онд яг хэдэн мод тарьсан бэ?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зарлагдахаас өмнө жилд хавар, намартаа нийлээд 3000-5000 мод тарьж ургуулж байсан юм. Энэ хөдөлгөөн зарлагдсанаас хойш жилдээ 15000 орчим мод тарьж ургуулж байгаа. Нэг ёсондоо бид нэг жилд тарьж ургуулах модны хэмжээг 4-5 дахин нэмсэн. Бид жилд  20 000 мод тарьж ургуулах зорилт тавих болсон.


Бидний хувьд гадаад дотоод хамтын ажиллагааны хүрээнд нэлээд дэмжлэг авч байгаа. Ялангуяа, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулах ажилд хувийн хэвшлээс үзүүлдэг дэмжлэг огцом нэмэгдсэн шүү.


Холбоотой мэдээ