Токио хотод “Go Mongolia” үйл ажиллагаа болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-06 11:55:43

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Япон улсын Токио хотын Нэрима дүүрэгт байрлах Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд “Go Mongolia" үйл ажиллагааг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа.


Үйл ажиллагааны үеэр Японы нэрт дуучин Акира Кобаяаши тоглолтоо сонирхуулж, Монгол, Японы уран бүтээлчдийн хамтран бүтээсэн VIVANT киноны Чингисийн дүрд тоглосон Б.Барслхагва “Go Mongolia”-гийн тусгай элчээр ажилласан байна. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын аялал жуулчлалын элчээр Японы нэрт дуучин Акира Кобаяашиг өргөмжилснийг тус яам мэдээлсэн юм. 


Мөн аяллын таван хөтөлбөрийг танилцуулсан юм. Үүнд, нүүдлийн соёл иргэншлийг үзүүлэх “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр, Түүхэн аялал ба Чингис хаан, адал явдал сонирхогчдод зориулсан “Adventure travel”, “Говь ба Од”, “Өвлийн аялал ба Тайга” хөтөлбөр багтжээ. Япон улсад зохион байгуулсан “Go Mongolia”15 мянга орчим хүн сонирхсон байна. 



Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсад “Өнө мөнхөд өөдөө тэмүүлэх” уриан дор Монгол Улсыг сурталчлах “Go Mongolia” үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.


Манай улс 2023 онд 651061 жуулчин хүлээн авч 1,3 тэрбум ам.долларын орлого олсон юм. Үүнээс 20390 буюу 3,2 хувийг Японы жуулчин эзэлж байсан бөгөөд энэ тоог нэмэх, зорилтот бүлгийн жуулчин хүлээн авах, япон жуулчдад чиглэсэн шинэ хөтөлбөр гаргах зэрэгт Засгийн газраас анхаарч байгаа юм.

Холбоотой мэдээ