Эрүүл мэндийг дэмжих томоохон гурван хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхийг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-05 09:41:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд  аймгийн цаг  үеийн  нөхцөл байдал,  байгууллагуудын авч  хэрэгжүүлж  буй  арга  хэмжээ,  үйл ажиллагааны  талаар  мэдээлэл  солилцох,  уялдаа холбоог сайжруулах  зорилготой   аймгийн Удирдах  ажилтнуудын шуурхай  зөвлөлгөөнийг Аймгийн  Засаг  даргын орлогч  Ч.Уранчимэг,  Төрийн захиргаа удирдлагын  хэлтсийн  дарга  Б.Ганболд  нарын  удирдан  явууллаа.

Шуурхай  зөвлөлгөөнд 40 гаруй байгууллагын  удирдлага, сургуулийн захирал, цэцэрлэгийн  эрхлэгч  нар  оролцож  аймгийн  хэмжээнд  өрнөсөн  онцлох  үйл  явдал, цаг  үеийн  шуурхай  мэдээ мэдээлэл авсан юм.

Аймгийн  Засаг  даргын орлогч Ч.Уранчимэг цаг үеийн онцлох үйл явдал,  санал санаачлага,  хийж  хэрэгжүүлж  буй  ажил үүргийнхээ талаар мэдээлэл хүргэж, Эрүүл мэндийн  салбарын  хүрээнд  олон  асуудлыг  хөндөн  ярилцаж,  аймгийн удирдах ажилтнуудад  тодорхой  үүрэг  чиглэл өгсөн юм. Тухайлбал, Хүн амыг аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх,  хамгаалах  үүднээс  сургууль, цэцэрлэг  болон  бусад  байгууллагууд  хүүхэд  багачууд,  хамт  олон, ажилтнуудынхаа Эрүүл мэндэд онцгой  анхаарч “Эрүүл мэнд”-ийг  нь сахин хамгаалах  тодорхой бодлого баримтлан, шинэ санаачлага өрнүүлж ажиллахыг байгууллагын  удирдлагуудад  үүрэг  болголоо. Мөн Эрүүл мэндийн  газраас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой  холбогдуулан  Ховд  аймгийн  эрүүл мэндийн салбарын  хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа уялдуулах чиглэлээр  байгууллагын стратеги төлөвлөгөө гаргах, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт  тусгагдсан  Эрүүл мэндийг  дэмжих гурван  томоохон  хөтөлбөрийг  хэрэгжүүлж эхлэхийг ЭМГ-ын  даргын  үүргийг  түр орлон гүйцэтгэгч  Ц.Мягмарсүрэнд даалгасан  байна.

Харин аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболд ”төрийн  албан хаагчид аливаа сургалт, зөвлөлгөөн, хэлэлцүүлэгт хамрагдахдаа цаг  баримталдаггүй, ач холбогдол өгдөггүй, ирц хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандан  “Төрийн албан хаагчийн баримтлах үндсэн зарчим, ёс зүй, хариуцлага, захирах ба захирагдах  хэм  хэмжээ”-ний талаар тодорхой мэдээлэл хүргэсэн юм. 

Шуурхай дээр Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо “Жаргалант сумын нээлттэй  хаалганы өдөр”-ийг 04 сарын 07-ны өдөр Галдан бошигт хаан, Ард Аюушийн талбай  дээр  зохион байгуулах болсон  тухай мэдээллээ.

Дараагийн  шуурхай  зөвлөлгөөн  “эсрэг  хандлагын  төлөө биш  эерэг хандлагын  төлөө“ гэсэн уриан дор албан байгууллагуудын үйл ажиллагааны тойм, сайн туршлага,  тулгамдсан  асуудлыг  шийдвэрлэх олон  шинэ санал санаачлагаар өрнөх юм байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ