Стэнфордын их сургуулийн профессор Жефри С.Глен элэгний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээ нээсэн талаар танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-04 17:14:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар өнөөдөр Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар, тус сангийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа Анагаахын их сургуулийн профессор Жефри С.Глен нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт Монголд ямар түвшинд байгаа талаар товч танилцуулга хийсэн юм.

Дараа нь Стэнфордын их сургуулийн харьяа Анагаахын их сургуулийн профессор Жефри С.Глен элэгний хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээг нээсэн талаараа гишүүдэд танилцуулга хийв. Тэрбээр шинээр бүтээж буй эмийг дэлхийн зах зээлд гаргахаас өмнө нэн даруй Монголд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах хүсэлтэй буйгаа гишүүдэд уламжилсан юм. Профессор Жефри С.Глены хувьд сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг судалж байгаа аж. 

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт элэгний өвчлөлийг бууруулахаар тусгасны үндсэн дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Монголд нийт 400 мянга орчим хүн элэгний өвчлөлтэй гэсэн судалгаа бий. Таны танилцуулгыг сонслоо. Маш их сонирхол татлаа. Элэгний В, Д вирусыг устгах, элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой эмийг Монголд нэвтрүүлэх ажилд бид хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд бусад асуудлаар санал солилцож, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар ярилцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ