Д.Ариунболд: 1072 хувьцааг Хөрөнгийн зах зээлд гаргаснаар иргэд ногдол ашиг хүртэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-30 14:24:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд БНХАУ-ын “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээлийг бүрэн төлж дууссан талаар өнөөдөр мэдээлсэн. Ингэснээр Тавантолгойн ордын нүүрсний борлуулалтын бүх орлого Монгол Улсын төсөвт төвлөрөх боломж бүрдэж байгаа юм. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос тодруулав.

-“Чалко”-ийн өрийг барагдуулснаар Тавантолгойн Зүүн Цанхийн ордын нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэх үү?

-“Чалко” компанитай хийсэн гэрээнд өрөө барагдуулж дууссаны дараа таван жилийн хугацаанд Зүүн Цанхийн ордын нүүрсний 80 хувийг нийлүүлнэ гэж тусгасан. Гэхдээ бид үнийг тодорхой хэмжээнд өсгөж, дэлхийн зах зээлийн жишигт хүргэх санал тавьсан. Одоо хэлэлцээр явж байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компани дотооддоо хэдэн төгрөгийн өртэй вэ?

-Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд олгосон 200 сая ам.долларын өр бий. Хүү нь 39 сая ам.доллар. Ам.долларыг төгрөгт шилжүүлж тооцоход бидний төлөх өр 700 тэрбум төгрөг болох юм. Үүнийг энэ онд багтаан шийдвэрлэх зорилт тавьж байгаа.

-Нүүрс угаах үйлдвэр байгуулах уу?

-Тавантолгойн олборлолт эхлэх үед манай компани жилд 20 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэрийг 570 сая ам.доллараар байгуулахаар ТЭЗҮ-ээ боловсруулж, батлуулсан. Нүүрс угаах усыг Балгасын улаан нуураас татахаар төлөвлөсөн байсан ч аймгийн ИТХ зөвшөөрөл олгоогүй учраас түр зогссон. Үйлдвэр барих өртөг өндөр байгаа тул эхний ээлжинд нэг сая тонн нүүрс угаах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Уг үйлдвэрээ шат дараатай өргөжүүлж, 20 сая тоннд хүргэх юм. Загийн усны хоолойгоос ус татахаар БОАЖЯ-наас зөвшөөрөл авсан. Боломжтой бол үйлдвэр байгуулах ажлыг энэ онд эхэлнэ.

-Өрөө бүрэн барагдуулж дууссан тул нүүрсний олборлолт, тээвэрлэлтээ нэмнэ.Тэгэхээр тээвэрлэлт хийх авто болон төмөр замын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Манай толгой компани болох “Эрдэнэс Монгол” нь автозам хариуцдаг. Энэ жил 11 тэрбум төгрөгөөр автозамын засвар хийхээр төлөвлөж, тендер зарласан. Засварын ажил бүрэн дууссаны дараа автозамын тээвэрлэлт хэвийн явагдана. Бид аль болох нүүрсний төмөр замын тээвэрлэлтээ нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Энэ асуудлыг Монголын төмөр зам шийдвэрлэнэ.

-1072 хувьцаанд хэзээнээс ногдол ашиг тараах вэ?

-Бүртгэлийн асуудал бүрэн дуусаагүй байгаа тул 1072 хувьцаа манай блансад бүртгэгдээгүй байгаа. Сонгуулийн өмнө л гэхэд хувьцаанаас 300 мянган төгрөг тараасан. Түүнээс өмнө оюутнууд төлбөртөө өгсөн зэрэг асуудал бий. Одоо Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ бүхнийг нэгтгэхээр ажиллаж байгаа. Энэ оны сүүлээр бид дотоодын өрөө бүрэн барагдуулсны дараа компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, 1072 хувьцааг Хөрөнгийн зах зээлд гаргана. Ингэснээр ногдол ашиг буюу хишиг хүртээх боломж бүрдэнэ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ