Улсын начин Б.Ганбаатарын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Монгол Улсын начин, самбо, жүдо бөхийн спортын мастер Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан 3-р сарын 27-ны өдөр Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн зааланд боллоо.
Үндэсний бөхийн томчуудын барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 48 бөх барилдаж, Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан н.Мэндбаяр түрүүлж, Хотонт сумын харьяат аймгийн заан Л.Жамбал үзүүрлэсэн байна.
Өсвөрийн бөхийн барилдаанд Эрдэнэмандал сумын бөх Б.Батдорж түрүүлж, Тариат сумын бөх Б.Батрагчаа үзүүрлэн, спорт сургуулийн бөх Г.Ганбаяр, Д.Доржравдан нар шөвгийн дөрөвт үлджээ.
Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Монгол Улсын начин Б.Ганбаатар, спорт сургуулийн захирал Д.Мөнхжаргал нар гардуулж өглөө.
Мөн Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний залуу бөхчүүд дасгалжуулагч, улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нарын хамтаар хаврын сэргэлтийн бэлтгэлээ 14 хоног хийхээр иржээ.
Ирэх 4-р сарын 3-ны өдөр аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах юм байна.
Б.Гэрэлт-Од