“Хүний хөгжил-Төрийн алба” сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл хамтран “Хүний хөгжил-Төрийн алба” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад төрийн захиргааны 350 гаруй алба хаагч оролцсон юм. Нэг өдрийн турш үргэлжилсэн сургалтад Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын /ЗГХЭГ/ референт П.Энхсайхан, Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Н.Энхцэцэг, Удирдлагын академийн багш, доктор / Ph.D/ Н.Цолмонтуяа, С.Жаргалсайхан, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Тэрбиш, “Олон улсын хөгжлийн институтын ерөнхий захирал Б.Батгэрэл нар урилгаар оролцож “Хүний хөгжил”, “Төрийн үйлчилгээний маркетинг” чиглэлээр илтгэл тавьлаа.
Сургалтыг нээж АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ, “ Төрийн албан хаагч салбараа мэддэг байх ёстой. Энэ нь хүнд сурталгүй төрийг цогцлоодог. Төрийн албан хаагч хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх учиртай. Санхүүжилтандаа тааруулж бодлогоо тодорхойлдоггүй, Бодлогодоо тааруулж төсвөө баталдаг байх нь чухал” гэдгийг онцолсон юм.
ЗГХЭГ-ын референт П.Энхсайхан хэлэхдээ: “Орхон аймаг хүний хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ 21 аймгаас дээгүүрт жагсдаг. Орон нутгийн бодлого, шийдвэрээ хүний хөгжилд чиглүүлж байгаад талархаж байна. АИТХ, ЗДТГ нэг баг болох ёстой. Ингэж байж үр дүн гарна” гэсэн юм.
Удирдлагын академийн багш, доктор /Ph.D/ Н.Цолмонтуяа: “Хүн нийт ажлынхаа 80 хувийг харилцаанд зарцуулдаг. Иймд төрийн албан хаагчийн харилцаа гэдэг бол тухайн төрийн байгууллагын бодлого байх учиртай. Төрийн байгууллагын үнэт зүйлс, алсын хараа нэн чухал” гэлээ.
Б.Оюун-Эрдэнэ