Ж.Эрдэнэбат:Өнөөдөр бидний нэн түрүүнд мөнгө олох боломжтой салбар бол ХАА, газар тариалан
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймагт ирэнгүүтээ Хөгжимт драмын театрт иргэд хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзалт хийв.
Ерөнхий сайд уулзалтын өмнө хэлэхдээ би ажлаа аваад 8 сар болж байгаа бол томилолтоор ажиллаж буй 10 дахь аймаг нь Баянхонгор болж байна. Бид өмнөх үе үеийн Засгийн газрууд шиг нийгмийн халамжийн бодлогоор ажлаа эхлүүлээгүй. Үүний оронд үндэсний үйлдвэрлэлээ сэргээж, эдийн засгаа сэргээхэд анхаарсан бодлого боловсруулж, түүнийг хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалсаны зэрэгцээ төрийн байгууллагууд худалдан авалтдаа үндэсний бүтээгдэхүүнийг түлхүү авахыг үүрэг болгосон. Ингэснээр саяхан тэмдэглэж өнгөрүүлсэн цагаан сараар үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалт маш сайн байсан гэдгийг үйлдвэрлэгчид надад хэлээд, талархал дэвшүүлсэн.
Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол маш чухал. Өнөөдөр бид өмсөж зүүж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг импортоор авч байна. Бид үйлдвэрлэгч орон болох ёстой. Эхний ээлжинд шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийн бодлого боловсруулна. Сүүлийн очсон гурван бүгд цементийн үйлдвэр барина гэж байна. Бүгд ижил үйлдвэрлэл эрхэлж болохгүй. Ингэвэл бид бие биенээ татаж унагана. Иймээс бидэнд шинжлэх ухаанч бодлого хэрэгтэй байгаа юм.
Өнөөдөр бидний хамгийн эхэнд мөнгө олох боломжтой салбар бол ХАА, газар тариалан. Гэтэл бид эдгээр салбарынхаа давуу талыг сурталчилж чадахгүй байна. Тиймээс дэлхийн 60 агентлагтай холбоо тогтоон ажиллах Монгол Улсыг гадаадад сурталчлах “Монгол брэндинг” агентлагийг байгуулж байна. Түүнчлэн энэ сарын 21-нд төлөх ёстой байсан “Евро" бондын 580 сая ам.долларын зээлийг бид төлж чадлаа. Энэ сарын 31-нд буюу зургаан хоногийн дараа бид “Чалько”-гийн өрийг бүрэн төлж дуусна. Бид аажим аажмаар өр зээлээ барагдуулсаар байна. Гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэх итгэлээ сэргээсэн.
Төр өнөөдөр сахилга, хариуцлагатай байх цаг нь иржээ. Түүнчлэн төрийн ажлыг хийхэд сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Түүнээс хэдэн сургууль төгссөн, хэдэн хэл мэддэг байх, хэдэн дипломтой байх нь хэнд ч хамаагүй” гэсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Г.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцов.
Ерөнхий сайд болон тэдгээр албаны хүмүүсээс өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Иргэдийн зүгээс бүрэн хараагүй хүнийг группэд оруулахын тулд нэг сая төгрөг зарцуулж Улаанбаатар орж шийдүүлэх болоод байна. Иймд анхаарал халамж шаардлагатай энэ мэт хүмүүсийн асуудлыг орон нутагт нь шийдэж өгч болохгүй юу. Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт 12 дугаараас орж ирэхгүй байна. Төрийн албан хаагчид хүнд сурталтай байна. Хөдөө ажиллаж амьдрах малчин ховордлоо. Бэлчээрийг усжуулах тал дээр анхаарч өгөөч. Малыг эрүүлжүүлэхгүй бол болохоо байлаа. Илгээлтийн эзэд хөтөлбөрийг эргээж хэрэгжүүлж өгөхгүй юу. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь оновчтой бус. Насны хишигээс илүү тэтгэврээ нэмэх хэрэгтэй. Хууль огт хэрэгжихгүй байна гэх мэт асуудлыг тодруулж байв.
Иргэдийн асуултад Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат болон ажлын хэсэгт ажиллаж буй албан тушаалтнууд хариуг газар дээр нь өгсөний зэрэгцээ зарим саналыг харьяалах яам, сайдад уламжилна гэв.
Ерөнхий сайд өмнө нь Ховд, Говь-Алтай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй мөн уулзсан. Уулзалт бүр танхим дүүрэн хүнтэй байж, урт цагаар үргэлжилж байлаа.
Б.Туул Баянхонгор аймаг