Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах шаардлагыг өрдөрсгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-20 21:51:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2017 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт 15 сумын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хамарсан 74 аж ахуйн нэгжийн 99 тусгай зөвшөөрлийн хүрээнд нийтдээ 488.9 мянган га хайгуулын талбай байна. Энэ нь нийт газар нутгийн 4.21 хувийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэсэн үг аж.

Улирагч оны 2016 оны дүн мэдээнээс харахад ердөө 12 аж ахуй нэгж хайгуулын үйл ажиллагааг аймаг орон нутагт бүртгүүлж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан байх бөгөөд үлдсэн аж ахуй нэгжүүд хайгуул хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн тухайлсан үүрэгтэй, хайгуул хийгээгүй компаниуд дээр дээрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж үзэхэд хүргэж байгаа юм.

"Сумдын удирдлагын зүгээс хайгуулын тухайлсан ажил хийгээгүй компани, аж ахуй нэгжүүдэд ямар нэг байдлаар ажилласан мэтээр тодорхойлолт гаргаж өгч байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл тухайн эзэмшигч дээрээ хүчинтэй хэвээр хадгалагдах улмаар хариуцлагагүй хөрөнгө санхүүгийн чадваргүй, хайгуул хийх ашиг сонирхолгүй, дамлан зарж ашиг олох сонирхолтой нөхдүүдийн гар дээр аймаг орон нутгийн үнэт баялаг болсон газар удаан хугацаагаар байрших, эдийн засгийн эргэлтэд орох, үр өгөөжөө өгч чадахгүйд хүргэж байна" хэмээн аймгийн удирдлагууд ярьж байна. Тийм учраас ч хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах шаардлагыг энэ мөчөөс эхлэн эрч өндөрсгөнө гэдгээ онцоллоо.

Мөн хайгуулын ажил эрхлээгүй, хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэв. Хуульд заасан хэмжээний зардлыг хайгуулын ажилдаа зарцуулаагүй компани, аж ахуй нэгжид хуурамч тодорхойлолт гаргаж өгч, хууль бус үйлдэл гаргасан сумдын Засаг дарга, эрх бүхий албан тушаалтанд үүрэгт ажлаас нь огцруулах арга хэмжээ авч ажиллахыг Баянхонгор аймгийн Уул уурхайн зөвлөлгөөний үеэр хатуу анхаарууллаа.

                                                                                                              Б.Мөнхзул

Холбоотой мэдээ