Завхан аймагт Төрийн албаны чиглэлээр 28 ажил үйлчилгээ хийхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-20 16:37:25

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр анхны хурлаа хийлээ.

Анхны хурлаар гурван асуудлыг хэлэлцэж Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа. Мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж зөвлөлийн гишүүд хэлэлцэн баталлаа. Тухайлбал энэ онд төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, гүйцэтгэлийн удирдлагын хүрээнд гурван ажил үйлчилгээ, төрийн албаны хүний нөөцийн хөгжлийн бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, төрийн захиргааны хөгжлийн бодлого, удирдлага, мэдэллийн тогтолцоо, хуулийн хэрэгжилтийн мониторинг-үнэлгээ, хяналт шалгалт, дотоод зохион байгуулалт, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр нийт 28 ажил үйлчилгээг хийхээр төлөвлөжээ.

Төрийн албаны шалгалтанд иргэд бэлтгэлгүй орж байна гэв

Мөн хуралдаанаар төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу болсон сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа.

Тухайлбал Ургамал сумын ЕБС, Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургууль, Их-Уул, Нөмрөг, Шилүүстэй, Сантмаргаз сумын ЕБС, Улиастай сумын 8-р цэцэрлэгийн сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцүүлж, дүгнэлтийг аймгийн Засаг даргад уламжиллаа. Сонгон шалгаруулалтаар 12 ажлын байранд 23 хүн өрсөлдсөн хэдий ч 10 хүн тэнцсэн байна. Журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан төрийн албаны бүх шалгалтыг цахимаар авч, танхимын гадна байгаа иргэд камераар хянах боломжийг бүрдүүлж ажилласан. Төрийн албаны шалгалтанд ажил хүсэгч иргэд хангалтгүй оролцож байна. Өөрөөр хэлбэл төрийн албаны шалгалтанд бэлтгэх асуудал хангалтгүй байна хэмээн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ