Сүрьеэгийн эмч, ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-03-16 14:10:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос  “Хөдөлмөрлөх эрх-Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн эмч, мэргэжилтний улсын зөвлөгөөнийг лхагва гарагт МҮЭСТО-д зохион байгуулав.

Тус зөвлөгөөнд МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар тэргүүтэй есөн дүүрэг, 21 аймаг, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 150 гаруй төлөөлөгч оролцсон байна. 

“Сүрьеэ өвчнөөр хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний дийлэнх нь гэр оронгүй хүмүүс байдаг. Тэд хэвтэн эмчлүүлсэний дараа эмээ таслах, үхэлд хүрэх тохиолдол цөөнгүй гардаг. Сүрьеэгийн өвчлөл өндөр, халдвар хамгаалал алдсан, сүрьеэгийн эмч, сувилагчаар ажиллагсад маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Иймд нийгмийн баталгааны асуудлыг бид анхаарч ажиллаж байгаа, цаашид ч төрийн бодлогын түвшинд анхаарах ёстой. Боловсон хүчин бэлтгэхэд ч анхаарах хэрэгтэй байна” хэмээн ХӨСҮТ-ийн дэд захирал П.Тунсаг онцолж байв.

Зөвлөгөөнөөр “Сүрьеэ өвчинтэй тэмцэх талаар Засгийн газраас баримтлах бодлого, цаашид авах арга хэмжээ” , “Эрүүл мэндийн ажилтны эрсдэл ба нийгмийн баталгаа түүнд тулгамдаж буй асуудал”, “Эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн судалгааны үр дүн”  зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, улсын хэмжээнд сүрьеэ өвчний байдал, эмчлэн эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэдэг эмч, мэргэжилтнүүд санал бодлоо солилцов.

Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд улсын хэмжээнд дутагдалтай, эмч ажилтнууд өвдөж, эндэх тохиодол ч гарч, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөөр байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. Анх удаа зохион байгуулж байгаа уг зөвлөгөөнд оролцогчдоос УИХ, Засгийн газарт хандан шаардлага хүргүүлэх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ