Эрэгтэйчүүдийн өвчнийг орон нутагтаа оношлон эмчлэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-15 23:41:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг эрэгтэйчүүдийн кабинет нээсэн анхдагч эмнэлэг болжээ.

Энэхүү эрэгтэйчүүдийн үзлэг оношилгооны кабинет байгуулагдсанаар эрэгтэйчүүдийн эмгэг өвчнийг орон нутагтаа оношлон эмчлэх боломжтой болж байгаа юм. Тус эмнэлгийн зүгээс Сэлэнгэ аймагтаа анхлан энэхүү “эрэгтэйчүүдийн” гэх тодотголтой кабинетыг нээсэн нь хөдөө орон нутагт анхдагч болон түүчээлж буйгаараа онцлогтой болж байгаа аж. Тус кабинетыг 2014 онд батлагдсан ЭМС-ийн тушаалаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах стратеги төлөвлөгөөний дагуу байгуулжээ.

Өнгөрсөн даваа гарагт албан ёсны нээлтээ хийсэн тус кабинет шинэ оны босгон дээр 2016 оны 12-р сараас үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэхүү эрэгтэйчүүдийн кабинет нь мэс заслын кабинеттэй цуг байгаа боловч эрэгтэйчүүдийн эмч өөрөө үзлэг хийж, зөвлөгөө өгч байгаа аж. Мөн хавдрын үндэсний хөтөлбөрийн дагуу хавдрын өвчлөлийн эмгэгийг давхар үзэн оношилж байгаа гэлээ. Тус кабинетаар бага насны эрэгтэй хүүхдүүд ихээхэн үйлчлүүлж байгааг тус кабинетын эмч О.Анар хэллээ.

Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн дунд ихэвчлэн тохиолддог түрүү булчирхайн  асуудал, шээсний замд хямрал үүссэн байдал, бага насны хүүхдүүдийн тухайд бэлэг эрхтний тээрхийн хэсгийн арьс шамрахгүй болсон зэргээр хандаж байгаа аж. Иймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ бэлгийн ариун цэврийг сайтар ханган, хүүхдээ байнга угааж цэвэрлэж байхыг тэрээр зөвлөлөө.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ