Шар усны үерийн голомт дээр шуурхай бүлэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-15 18:15:57

Увс /МОНЦАМЭ/ Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” өнгөрсөн шөнө Увс аймагт хүрэлцэн ирээд байна.

Увс аймгийн Улаангом сумын 1-р баг буюу Чандманьд хөрсний ус ил гарч, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс их хэмжээний ус давхарлан хөлдөж, улмаар мөсний зузаан 3-5 метрт хүрсэн юм. Үүний улмаас Улаангом-Боршоо чиглэлийн олон улсын автомзам усанд автах, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй айл өрх, 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага усанд автах нөхцөл байдал үүсээд байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” компани, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ажлын хэсгүүд удаа гарч ажилласан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Энэ хугацаанд далан хаах, сэргээн засварлах, усны голдиролыг өөрчлөх зэрэг ажлыг хийсэн  ч нөхцөл байдал улам хүндэрчээ. Иймээс аймгийн ОБГ-аас Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123-р ангиас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2-р сарын дундуур ирж газар дээр нь ажилласан юм. Тэд арав гаруй газар мөс цоолж тэсэлгээ хийсэн ч дорвитой үр дүн гараагүй байна.

Цаг агаар дулаарч, цаашдаа шар усны түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” өнгөрсөн шөнө Увс аймагт өнөөдрөөс Улаангомд ажиллаж эхлээд байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зам ашиглалт, засвар арчлалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт-Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Улсын байцаагч Ж.Хуандаг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сав газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Кебейхан, Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Баярбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга, техникийн хяналтын ахлах байцаагч Нарийн бичгийн дарга Д.Санжмятав, Онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Мягмардорж нар ажиллаж байна. Тэд энэ өглөө аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, цагийн байдалтай танилцан шуурхай авах арга хэмжээгээ боловсруулсан бөгөөд яг одоо Чандманьд ажиллаж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ