2017 онд 30 гаруй га газар олгохоор төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-14 18:33:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /ГХБХБГ/-аас 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө боловсруулж, Баруун-Урт сумын ИТХ-д өргөн барьжээ. 2017 онд нийт 30,19 га газрыг иргэн, аж ахуй нэгжид олгохоор төлөвлөжээ.

Иргэн, аж ахуй нэгж байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар нийт 12 байршилд 8,9 га газар, гэр бүлийн хэрэгцээгээр шинээр 156 иргэнд эзэмшүүлэх эрхийн нэг га газар, 185 иргэнд өмчлөх эрхийн 13,09 га газар, эзэмших гэрчилгээтэй ч өмчлөлийн болгож аваагүй байгаа 50 иргэнд 5,2 га газар, үнээр өмчлөх зориулалтаар гурван байршилд хоёр га газар олгохоор тус тус төлөвлөжээ.

“Бид энэ оны газрын төлөвлөгөөгөө Баруун-Урт сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тохируулан хийж, саналаа хүргүүлсэн байгаа. Баруун-Урт сумын ИТХ 03 дугаар сарын 16-нд хуралдана. Тухайн хурлаар төлөвлөгөө маань батлагдвал энэ онд нийт 30 гаруй га газрыг өмчлүүлэх болно. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ирэх дөрвөн жилд 3-4 шинэ үйлдвэр байгуулна гэсэн байгаа. Зөвхөн үүнд зориулж найман га газар олгохоор төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөөг батлах эрх нь зөвхөн сумын хуралд байгаа учир бидний хувьд шийдвэрийг харах үлдээд байна...” хэмээн аймгийн ГХБХБГ-ын дарга Х. Хишигбадрах хэллээ.

Баруун-Урт сумын төв дээр өнгөрсөн жилүүдэд олгогдоод байсан хууль бус газруудыг Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд үндэслэн, аймгийн засаг дарга захирамж гарч хууль бусаар олгогдсон 11 газар одоогоор албан ёсоор хүчингүй болоод байгаа юм. Эдгээр газруудыг дээрх төлөвлөгөөнд тусгажээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ