Австралид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар мэдээлэл өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-14 13:39:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын ажилтан Б.Долгион, төгсөгч Д.Чулуунтөмөр нар Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж, төрийн албан хаагчдад мэдээлэл хийлээ.

Энэ онд Монгол улс, Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа аж. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан тус улсын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, болзол шалгуурыг яаж хангах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсаны ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Тус улсын тэтгэлэгт хөтөлбөр нь бусад улс орнуудыг бодоход эр, эм хүйсийн ялгаагүй, насны хязгааргүй, гэр бүлээрээ суралцаж, ажиллах бүрэн боломжтой гээд олон давуу талтай ажээ. Хөгжлийн төлөөх манлайлагчдыг сургахыг тус улсын хөтөлбөр гол зорилгоо болгодог хэмээн Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын ажилтан Б.Долгион хэллээ.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ иргэдийн өргөдлийг өнгөрсөн 02-р сарын 01-нээс авч эхэлжээ. Ирэх 04-р сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд материалаа Австрали улс руу нэг буюу 06 дугаар сард явуулдаг байна. Болзолт шалгууртаа тэнцэж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутан сард 2500, жилд 30000 австрали долларын цалин авдаг байна.

Дашрамд сонордуулахад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутны сургуулийн хүүхдийг үнэ төлбөргүй, цэцэрлэгийн хүүхдийг хөнгөлттэй тарифаар сургадаг гэлээ. Тус улсад суралцахаар хүссэн иргэн анх өргөдлөө гаргахдаа их сургуулиа сонгон, босго онооны болзлыг нь хангахаас гадна хэлний мэдлэгтээ анхаарч сайжруулах хэрэгтэй ажээ. Энэ жил төрийн албан хаагчдын хувьд мэргэжлээрээ 2 жил ажилласан байх шалгуурыг тавьж байгаа юм байна.

Монгол Улс 1990 оноос хойш Австрали улсын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудаа хамруулсаар иржээ. Энэ хугацаанд 400 гаруй суралцагч төгссөн байна. Өнөөдөр тус улсад 70 гаруй оюутан тэтгэлгээр суралцаж байгаа гэнэ. Австрали улс төрийн 40 их сургуультай бөгөөд эдгээрээс монголчууд сонгон суралцах боломжтой юм байна.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон хэлтсийн дарга нар, агентлагуудын төрийн албан хаагчид оролцлоо.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ