Сум, багийн Засаг дарга нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-14 10:48:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас энэ сарын 13-нд сум, багийн Засаг дарга нарын зөвлөлгөөнийг Сайншанд суманд зохион байгууллаа.

Аймгийн ЗДТГ-аас төрийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг сайжруулах,  төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор шат дараатай ажил зохион байгуулж ббайгаа юм.

Өмнө нь төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт зөвлөлгөөнийг зохион байгуулж байсан бол энэ удаа сум багийн Засаг дарга нарт хууль эрх зүйн тодорхой мэдлэг олгож, нэгдсэн зохион байгуулалттай ажиллахыг даалгасан байна.

2016 оны орон нутгийн сонгуулиар сум багийн Засаг дарга нарын ихэнх нь солигдсон,  шинэ хүмүүс төрийн ажил гүйцэтгэж байгаа тул тэднийг мэргэшүүлэх шаардлага гарсан аж.

Зөвлөлгөөнөөр "Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар, "Орон нутгийн хөгжлийн сангийн заавар", "Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад сум, багийн Засаг дарга нарын анхаарах асуудлууд", "Гамшгийн нөхцөл байдлын мэдээлэл, гамшгийн үеийн арга хэмжээг зохион байгуулахад сум, багийн Засаг дарга нарын оролцоо, эрх үүрэг хариуцлага", "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулинд тусгагдсан эрх үүргийг хэрэгжүүлэх" зэрэг асуудлыг ярилцав.

Мөн  "Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх", "ХАА-н салбарын бодлого шийдвэр, малын өвчлөлийг бууруулах", "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ба иргэний бүртгэлийн талаар сум, багийн Засаг дарга нарын анхаарах зарим асуудлууд", "Эрүүл мэндийн чиглэлээр сум, багийн Засаг дарга нарын хийж хэрэгжүүлэх арга хэмжээ", "Эрүүл мэндийн даатгалын тухай", "Байгаль орчны багц хуулиудын хэрэгжилтийг хангахад сум, багийн Засаг дарга нарын үүрэг оролцоо" сэдвээр зөвлөлдөв.

Зөвлөлгөөнд 14 сумын 64 багийн Засаг дарга оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар ажлын хариуцлагыг сайжруулах, улс төржихгүй байх, төрийн албыг түргэн шуурхай зохион байгуулах талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ