Зарим сумдын хорио цээрийн дэглэмийг нэг шатлалаар бууруулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-13 18:38:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Энэ хугацаандаа аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм. Хурлын үеэр шүлхийн өвчлөл зогссон сумдын хорио цээрийн дэглэмийг нэг шатлалаар бууруулахаар боллоо.

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Сүхбаатар, Эрдэнэцагаан, асгат, Баруун-Урт сумдын хорио цээрийн дэглэмийг холбогдох газруудын зүгнэлт, сумдын засаг даргын нарын хүсэлтэд тулгуурлан нэг шатлалаар бууруулахаар боллоо. Харин 03 дугаар сарын 20-нд Баяндэлгэр сум, 03 дугаар сарын 24-нд мөнххаан сум, 04 дүгээр сарын 04-нд Түмэнцогт сумын хорио цээрийн дэглэмийн хугацаа дуусна. Гэхдээ Түмэнцогт суманд өвчлөл зогсоогүй байгаа учир тус сумын дэглэмийг бууруулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Бусад сумдад шүлхийн өвчлөл бүрэн зогсжээ.  

Хорио цээрийн дэглэмийн нэг шатлалаар бууруулна гэдэг нь хүн амын шилжилт хөдөлгөөнийг хэвийн болгоно. Мөн явуулын пост ажиллахгүй болсон гэсэн үг юм. Харин амьд мал болон малын гаралтай түүхий эдийг худалдан борлуулах, тээвэрлэхийг хориглосон захирамж хэвээр мөрдөгдөнө.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Мал эмнэлгийн улсын ахлах мэргэжилтэн К.Зураш, Мэл эмнэлгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я. Номхон нараар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай хэсэг эдгээр өдрүүдэд Эрдэнэцагаан, Асгат, Дарьганга сумдад ажиллаж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ