Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнгөрөгч мягмар гарагийн хуралдаанаар “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг улс болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.
Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байгаа юм.
2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм.
Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй, 25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж албаныхан үзэж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Ж.Болор