ӨВӨРХАНГАЙ: Х.Пүрэвдорж: Хүмүүжигчдийг хүн гэдэг талаас нь харж, энгийн иргэний нэгэн адил ханддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-31 17:18:57

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласан. Мөн жил бүрийн 11 дүгээр сарын 9-нийг “Ахлагчийн албаны өдөр” болгон тэмдэглэдэг.

Энэ хүрээнд Өвөрхангай аймаг дахь ШШГГ-ыг зорьж, ярилцлага хийх ахлагчийг сураглалаа. “Байгууллагадаа олон жил тогтвортой ажиллаж, албаа хоёргүй сэтгэлээр хариуцлагатай гүйцэтгэдэг” хэмээн Ахлах ахлагч Х.Пүрэвдоржийг зааж өгснөөр цөөн хором ярилцав.


- Юуны өмнө та өөрийгөө танилцуулах уу?

- Намайг Хаянхярваагийн Пүрэвдорж гэдэг. Бат-Өлзий суманд төрж, Хархоринд өссөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөн Төв аймгийн Сэргэлэн суманд цэргийн алба хааж ирээд 2002 онд Хархорин сум дахь Хорих 423 дугаар ангиас ажлын гараагаа эхлүүлж байв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Дорноговь аймгийн ШШГГ-т гурван жил ажиллаад аймагтаа эргэж ирсэн.



- Байгууллагадаа ямар алба хашдаг вэ?

- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэл, Иргэний шийдвэр гүйцэтгэл, Харуул хамгаалалт гүйцэтгэх ажил гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Миний хувьд харуул хамгаалалт хариуцсан ажилтнаар ажиллаж байна. Хоригдлын аюулгүй байдлыг хангах, нийгэмшүүлэх, сургалт хүмүүжлийн ажил явуулах үүрэгтэй.


- Энэ жилийн хувьд цэрэгжсэн байгууллагууд ахлагчид руугаа хандсан олон ажлыг хийж байна. Танай байгууллагын хувьд ахлагчдаа хэр дэмжин ажиллаж байна вэ?

Байгууллагын хэмжээнд ахлагч бүрэлдэхүүнийхээ цалингийн зэрэглэл, шатлалыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч байгаа. Бүх ахлагчдаа цалингийн 50 хувиар шагнасан. Нэг ахмад ажилтандаа гэр олгосон.

Мөн ахлагчдаа шагнан урамшуулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулах, уулзалт зөвлөгөөн хийх зэрэг олон ажлыг зохион байгуулсан. Бидэнд тулгарсан нийгмийн асуудлыг дор нь шийдвэрлэж өгдөг.



- Та байгууллагынхаа “Тэргүүний цэрэгжилт жагсаалч, ёс зүйтэй албан хаагч”-аар шалгарсан байна. Мөн хойч үе, залуустаа үлгэр дуурайлалтай ханддаг гэж удирдлагаас нь дүгнэж хэллээ.

- “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” гэдэг. Цэргийн хүмүүс дүрэмт хувцсаараа гангарах дуртай байдаг. Цэргийн хувцсыг гоё сайхан өмсөх ёстой юм. Наад зах нь өмд нь индүүдлэгтэй, гутлаа гялалзтал тослосон байвал сайхан харагдана. Цэргийн алба хаахдаа жагсаалын дарга байсан болохоор цэргийн ёслолын жагсаалд гайгүй. Би төрийн тусгай алба хаадгаараа бахархдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэхээс гадна хүнлэг, энэрэнгүй байх зарчимд тулгуурладаг учраас хүмүүжигчдийг хүн гэдэг талаас нь харж, энгийн иргэний нэгэн адил ханддаг.

 

- Харуул хамгаалалт хариуцсан ажилтны хувьд эдгээр хүмүүстэй тулж ажилладаг байх. Асуудал, бэрхшээл гардаг уу?

- Маш хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхгүй бол гэмт хэрэг, зөрчил гарах магадлалтай. Гэхдээ манай байгууллагын хувьд тийм бэрхшээл төдийлөн гараагүй. Нэг үеэ бодвол ажиллах нөхцөл сайжирч, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Бүх өрөөг камержуулж, үйл ажиллагааг 24 цагаар тасралтгүй хянадаг.



- Хүмүүжигчдэд сэтгэлзүй, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахад хэрхэн хүлээж авдаг вэ?

- Олон жил хоригдсон хүмүүс сэтгэлзүйн хувьд бусдаас тусгаарлагдчихсан байдаг болохоор нийгэмшүүлэх, сэтгэлзүйн дэмжлэг өгөх хэрэгтэй байдаг. Тухайн хүнийхээ зан чанарын онцлогоос шалтгаалж янз янзаар л хүлээж авдаг юм. Зарим нь тайван хандаж байхад өөдөөс хэл амаар доромжилж, уурлаж бухимдах ч хүн бий. Тэгэхээр тухайн хүнийхээ сэтгэлзүйн онцлогт тааруулж харьцдаг даа.


- Танай байгууллага Хархорины Хорих ангиас чиг үүргээрээ ялгаатай юу?

- Хархорин сум дахь Хорих 423 дугаар ангид Шүүхээр таслагдаад хорих ял авсан хүмүүс очдог бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь мөрдөн шалгах хугацаанд шүүгдэгчдийг түр саатуулах чиг үүрэгтэй. Мөн сэжигтэн, яллагдагчдыг баривчлах, Шүүхээс ял авсан хоригдлыг хорих ангид хүргэх ажиллагааг зохион байгуулдаг. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн хүмүүст хяналт тавьж ажилладаг.



- Ямар хэрэг, зөрчил хүмүүс ихэвчлэн ирж байна вэ?

- Голдуу согтуугаар хэрэг, зөрчил үйлдсэн хүмүүс ирдэг. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасны дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүмүүс ШШГГ-т бүртгэлтэй байдаг.


- Хоригдож буй хүмүүсийн эрх хэр хангагдаж байгаа вэ?

- ШШГГ-ын цагдан хорих байранд Прокуророос хяналт тавидаг. Хорих байрны орчин нөхцөл, хоол хүнсний хангалт нь намайг анх ажиллаж эхлэх үеэс харьцангуй сайжирсан. Долоо хоногийн хоёр өдөр ар гэрийнхэн нь ирж уулзах боломжтой. Удаан хугацааны уулзалтыг 72 цагаар авна. Тэр үед байрлах байр, хүүхдийн өрөө, гал тогооны өрөө байдаг. Шашны үйл ажиллагааг ч хориглодоггүй.

- Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ