З. Энхтөр:Ажилтай орлоготой иргэдтэй байж бид хөгжлийн тухай ярих ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-11 21:10:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн засаг даргаар Зана овогтой Энхтөр ажиллаж байна. Тэрээр нь 1974 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн.Түвшинширээ сумын харьяат,  42 настай. Эхнэр 5 хүүгийн хамт амьдардаг. 1982-1989 онд Түвшинширээ сумын 8 жилийн сургууль, 1989-1992 онд Баруун-Урт хотын 1-р 10 жилийн сургууль, 1996 онд МУИС-ийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгсчээ. 2000-2004 онуудад ХБНГУ, Люксенбург, АНУ, Франц улсад Банк, санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

Түүний ажилласан байдлыг танилцуулбал: 1996-1999 онд Сүхбаатар аймгийн Хөдөө Аж Ахуйн банкинд зээлийн эдийн засагч ерөнхий ня-бо, 1999-2000 онд Улаанбаатар хотын төв ХАА-н банкинд Санхүүгийн газрын захирал, 2000-2003 онд төв ХАА-н банкны Америк-Монголын хамтарсан удирдлагын багийн гишүүн, Санхүү эрхэлсэн дэд захирал, 2003-2004 онд Интер банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. 2004 оноос хувийн хэвшилд ажиллаж байгаад 2016 оны 01 сараас Сүхбаатар аймгийн МАН-ын дарга, 2016 оны 07 дугаар сарын 21-нээс аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Тэрээр аймгийн засаг даргаар анх удаа ажиллаж байгаа бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд төсвийн мөнгийг бага гэж чамлалгүй, хамгийн гол нь иргэдэд үр ашигтай зөв зүйлд зарцуулах, цаашлаад хүнээ хөгжүүлэх бодлогыг барьж ажиллана гэлээ. Ингээд уншигч та бүхэндээ Сүхбаатар аймгийн засаг дарга З. Энхтөртэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө ярилцах боломж, цаг зав гаргасан тань баярлалаа?

-За баярлалаа. Нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.

-Аймгийн засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр 02 дугаар сарын 16-ны өдөр амжилттай батлагдлаа. Гэхдээ энэ нь бусад аймгуудыг бодвол бас оройтож батлагдлаа шүү дээ?

-Тийм ээ. Үйл ажиллагааны хөтөлбөр маань оройтож батлагдлаа. Гэсэн хэдий ч батлагдсан гэдэг нь өөрөө сайн зүйл. 02 дугаар сарын 16-ны өдөр аймгийн ИТХ-ын гуравдугаар  хуралдаан болж аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай баталлаа. Энэхүү хөтөблөр бол маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн, салбар салбарынханы санаа бодлыг тусгасан, ард иргэдийнхээ саналыг тусгасан хөтөлбөр болсон. Нийтдээ 4 бүлэг, 114 зорилт, 418 арга хэмжээнээс бүрдсэн томоохон хөтөлбөр боллоо. Мэдээж хөтөлбөрийн үндсэн гол чиглэл, агуулга бол Сүхбаатар аймгаа яаж хөгжүүлэх вэ, ирэх дөрвөн жилд ямар ямар ажил арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдгийг л тусгасан байгаа. Эцсийн дүндээ ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татах, орлогыг нэмэгдүүлэхэд бүх бодлого чиглэсэн байгаа. Бидний үндсэн чиглэл бол ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр орон нутагтаа үйлдвэрлэлийг хөгжүүлье, тухайлан бүсийн чанартай, аймаг орон нутгийнхаа хэрэгцээг хангах, тодорхой чиглэлийн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх талаар бүх анхаарлаа тавьж байгаа. Жишээлбэл: Дэд бүтцийнх нь асуудлыг шийдвэрлээд, орон нутгийнхаа хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан оёдлын үйлдвэр, сүү махны үйлдвэр, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулж, ажил хэрэг болгоно. Ингээд ирэх дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэлийг хөгжүүлсэнээр Сүхбаатарчууд маань ажилтай орлоготой болно. Ажилтай орлоготой хүмүүс сайн сайхан амьдрах, өөрсдийгөө хөгжүүлээд явах боломж нээгдэх юм. Үүний дараа бид хөгжлийн тухай ярих ёстой. Түүнээс цалингүй, орлогогүй иргэдтэй байж мянга сайхан байшин барилга, дэд бүтцийн тухай ярих нь хоосон зүйл. Тиймээс хөгжлийн үндсэн суурь бол ажилтай орлоготой иргэд. Үүний төлөө бүх хүчээрээ ажиллах болно. Хоёрдугаарт Сүхбаатар нутгаа хөгжүүлье гэж байгаа бол хүнээ хөгжүүлэх ёстой. Тиймээс хүний хөгжлийн чиглэлээр цогц бодлого явуулах хэрэгтэй. Хүний хөгжил  гэдэгт эрүүл мэнд, боловсрол, соёл спорт гээд өргөн хүрээний зүйл яригдана. Мөн энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллая, дэмжье гэсэн зүйлүүд орж ирж байгаа юм. Энэ дундаасаа эрүүл мэндийн салбарт томоохон дэмжлэг үзүүлж үйл ажиллагааг нь сайжруулах, иргэндээ ойртуулах  чиглэлээр хөрөнгө оруулалтын асуудлууд дээр тусгайлан анхаарч, бодитойгоор дэмжиж ажиллана. Ганц аймгийн нэгдсэн эмнэлэг дээр гэхэд дурангийн хагалгааны тасаг шинээр байгуулах, элэгний В С вирус тоолдог лабораторийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх, эмнэлгийг цахилгаан шаттай болгох, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг байгуулах, зайнаас оношлох мобайл үйлчилгээг алслагдсан сумдад нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дараагийн томоохон ажил бол хавдрын өвчлөлийг бууруулах зорилгоор АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч Хавдаргүй Сүхбаатарчууд хөтөлбөрийг аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлэх гээд олон зүйлд анхаарлаа хандуулж ажиллана гэж төлөвлөж байна. Мөн хөдөөгийн ард иргэд, малчид руугаа чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд: бэлчээр нутгаа усжуулах, малын тоо толгой өсөж байгаатай холбоотойгоор шинээр бэлчээр нутгийн бүс тогтоох гээд нэрлэж болно. Малчдын хувьд усны асуудал хүндрэлтэй байгаа учир 2017 онд гэхэд зөвхөн усны цэг тогтоох, хөдөөгийн малчдад зориулсан гүний худаг гаргах ажилд 300-аад сая төгрөг төсөвлөлөө. Цаашлаад Залуу гэр бүл болон  байгаль цаг үеийн байдлаас шалтгаалж малгүй болсон малчдаа дэмжихийн тулд малжуулах хөтөлбөрт мөн тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төлөвлөсөн. Мөн сумдад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс сумдын удирдлагуудтай гэрээ байгуулж, аль болох тухайн сумынхаа олон хүнийг ажилтай болгох гэсэн зүйлд л бид бүх бодлогоо чиглүүлж байна. Энэхүү бодлогын хүрээнд дөрвөн жилийн хугацаанд 3000 орчим ажлын байр шинээр бий болгоно гэж төлөвлөж байгаа. Энэ бодлого, зорилгынхоо хэрэгжилтийн төлөө л ажиллаж байна даа.

-Тэгвэл ирэх дөрвөн жилийн хугацаанд Сүхбаатар аймаг хөгжих үндсэн чиглэл бол үйлдвэрлэл бий болгох гэж ойлгож болох юм байна. 3-4 шинэ үйлдвэрлэлийг шат дараатайгаар хийнэ гэж та хэллээ шүү дээ. Эдгээрээс нэн түрүүнд хийх шаардлагатай, ажил хэрэг болгоход бэлэн болсон үйлдвэр гэвэл ямар үйлдвэр байна?

-Мэдээж бид хэрэглэгчээс салж, үйлдвэрлэгч аймаг болж байж хөгжинө. Үйлдвэрлэл бий болж байж энэ орон нутгийн мөнгө хөрөнгө эндээ үлдэнэ. Тиймээс бид үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх ёстой. Нэн тэргүүнд бидний байгуулах үйлдвэр бол оёдлын үйлдвэр байгаа юм. 100-аад хүн ажиллах боломжтой оёдлын үйлдвэрийн төслийг бид бэлэн болгоод байна. Энэ үйлдвэрийн ажил  орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын бүтээгдэхүүний уутыг оёхоос эхлэх ёстой гэж бодож байгаа. Энэ талаар уурхайн удирдлагуудтай ч уулзаж санал солилцон урьдчилсан байдлаар тохиролцоо хийчихсэн. Зөвхөн үйлдвэрүүдийн уутыг оёж нийлүүлээд байхад жилд хоёр тэрбум төгрөгийн орлого олох боломж харагдаад байгаа юм. Үүний дараагаар аймгийн хэмжээнд ЕБС-д сурч байгаа 11 мянган  хүүхдийн дүрэмт хувцасыг орон нутагтаа үйлдвэрлэдэг болох юм. Иргэд маань орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж, хөрөнгө оруулсанаар тэнд ажиллаж байгаа 100-аад хүний цалин хөлс болж очих юм. Тийм ч учраас бид нэн тэргүүнд оёдлын үйлдвэрийг сонгосон. Тус үйлдвэр маань энэ ондоо багтан ашиглалтанд орох болно. Дараагийн ээлжинд Сүү махны анхдугаар аяны хүрээнд ХААЯ-тай хамтран сүү, махны үйлдвэр байгуулна. Ингэхдээ махны үйлдвэр маань арай өөр чиглэлээр бий болох юм. Үүнд, мянгат малчдынхаа оролцоог хангасан, хувьцаа нийлүүлсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн байдлаар махны үйлдвэр байгуулахад энэ нь эргээд өөрөө урт настай, тогтвортой ажиллах нөхцөл нь бүрдэнэ. Яагаад гэвэл хувьцаа эзэмшиж байгаа учир малчид маань өөрсдөө үйлдвэрийнхээ бэлтгэн нийлүүлэгч болно. Ингээд үйл ажиллагаа нягт уялдаа холбоотой байлгаж, цаашид олон жил үргэлжилсэнээр малчид маань ч хөрөнгийн баталгаатай эх үүсвэртэй болох юм. Дараагийн томоохон бодлого бол гадаад харилцаагаа хөгжүүлэх юм. Сүхбаатар аймгийн гадаад харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхийг зорьж байна. Бидний нэг номерын зорилго бол аймгийнхаа өмч хөрөнгийг нутагтаа авч үлддэг болъё, хоёрдугаар т шинээр хөрөнгө оруулалтыг гаднаас татаж оруулж ирдэг болох явдал юм. Ингэхийн тулд хил орчмын худалдааг хөгжүүлж урд хөршийнхөө  болон Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийг нааш нь нутагруугаа татан оруулж ирэх ёстой. Тиймээс энэ чиглэлийн бодлогыг явуулна гэж төлөвлөж байгаа. Үүний хүрээнд бид Бичигтийн боомтыг өргөжүүлж, үйл ажиллагааг нь шинэ шатанд гаргаж ирэх ёстой. Ингэхийн тулд ХААЯ-тай хамтран Бичигтийн боомтыг эрүүл бүсээр ялган авч, тодорхой хил хязгаар тогтоон хамгаалалттай болгоод тухайн боомт дээрээ махны үйлдвэр байгуулж, цаашаа Хятад улсруу мах экспортолдог болох юм. Харин тухайн үйлдвэр маань зориулалтын, стандартын шаардлага хангасан байх ёстой. Малаа худалдан авах цэг, эрүүлжүүлэх ажлаа хийдэг мал эмнэлгийн хэсэг, авсан малаа борддог газар, наашлаад нядалгааны цэгтэй гээд ийм үе шаттай байх ёстой. Энэ цогц хөтөлбөрийг Бичигтийн боомт дээр  хийх бүрэн боломжтой. Энэ талаар ХААЯ-тай санал солилцоод явж байна. Бидэнд Сүхбаатар аймгийг малын өвчингүй эрүүл бүсээр зарлуулахад, бүх малаа 100 хувь эрүүлжүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө их орно. Дээрээс нь зээр олон тоогоор зэрлэгээрээ нутаглаж байгаа тохиолдолд бүр ч хүндрэлтэй. Харин тодорхой бүс газрыг хашиж аваад эрүүл бүсээр бусдад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Ингэж байж тэнд жинхэнэ махны үйлдвэр, худалдааг бий болгох юм. Ингэснээр хамгийн гол нь Сүхбаатар аймгийн малчид малаа ченжийн гараар дамжуулж хямд худалдахгүй болох юм. Энэ бүхнийг ажил хэрэг болгох зайлшгүй шаардлага байгаа  учир бид хийх хэрэгтэй гэж бодож байгаа юм.

-Та гадаад харилцаагаа сайжруулна гэж хэллээ. Ер нь өнгөрсөн жилүүдэд манай аймгийн гадаад харилцаа ямар түвшинд явж ирсэн юм. Та бүхэн яг ямар байдлаар сайжруулах боломжтой гэж үзэж байгаа юм бэ? Гадаад харилцаа гэхэд зөвхөн урд, хойд хөршөөр хязгаарлагдах нь бас өрөөсгөл ойлголт байх л даа?

-Мэдээж гадаад харилцааг хөгжүүлнэ гэхэд цаг хугацаа их шаардагдана. Танилцаад шууд хамтын ажиллагаа эхлэхгүй шүү дээ. Үе шаттайгаар аажимдаа хийгддэг ажил. Гэхдээ бид хийхийн төлөө л явах ёстой. Богино хугацаанд үр дүн гаргая гэж байгаа бол яалт ч үгүй өмнөд хөрштэйгөө хамтрах ёстой. Өмнө нь харилцаж байсан түүх туршлага манайд бий. Үүнийгээ илүү шинэ шатанд гаргах, эдийн засагжуулах, хөрөнгө оруулагчдаа хооронд нь танилцуулах ёстой. Хоёрдугаарт хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Ингэж байж гадаадын жуулчдыг татаж, валютыг нь орон нутагтаа төвлөрүүлэх ёстой. Хятад жуулчин нэг удаагийнхаа аялалд доод тал нь 3-4 мянган юань зарцуулдаг гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Үүнээс харахад бид хил орчмын аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдыг татаж чадвал багагүй хэмжээний юанийн орлого олох боломжтой. Мэдээж өөрийн тань хэлдгээр гуравдагч, дөрөвдэгч орнуудтай харилцаа тогтоох ёстой. Энэ ч үүднээс бид бас Солонгос улстай хамтын ажиллагааны чиглэлээр харилцаж байгаа зүйлүүд байна. Японы зарим мужуудтай хамтрах талаар төлөвлөж байгаа зүйл ч бий. Гэхдээ үүнд цаг хугацаа орно. Эхний ээлжинд шууд үр дүнгээ өгөх боломж бол урд хөршид л байгаа юм. Хил гараад л бидний ялгаа ямар түвшинд байгаа нь харагддаг шүү дээ. Тиймээс бид эхний ээлжинд урд хөрш, үүн дундаа Өвөрмонголын зүүн хойд талын гурван аймаг болох Улаан хад, Шилийн гол, Хөлөнбуйр аймгуудтай маш сайн хамтын ажиллагаатай байх ёстой. Ирэх гурван сарын сүүлээр эдгээр аймгуудын удирдлагуудыг урьж, аймаг орон нутгаараа аялуулах гэж байна. Энэ үеэр хамтын ажиллагааныхаа цар хүрээг улам нэмэгдүүлэх тал дээр анхаарах учиртай.

-Үйл ажиллагааны хөтөлбөр хүн рүүгээ, тэр дундаа малчид руугаа маш их анхаарал хандуулсан юм байна гэж ойлгож байна. Манай аймгийн малчдын хувьд дутагдалтай байгаа зүйлүүдийн нэг бол  харилцаа холбооны сүлжээ. Үүнийг ч малчид маань шаардаж эхэлсэн.  Малчдын энэ шаардлагыг ажил хэрэг болгоход газар нутгийн хувьд давуу тал ихтэй, боломж бий гэж хараад байгаа юм. Энэ талаар хийгдэх ажлаас дурьдвал?

-Тэгэлгүй яахав. Харилцаа холбоо, техник технологийн хөгжлийг бид гүйцэх боломжгүй боллоо. Гэхдээ өөрсдийн хэмжээнд үүнтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Энэ ч үүднээс бид аймгаа бүрэн утасны сүлжээтэй болгоё гэж зорьж байгаа. Энэ бол бас л том зорилго. Таны хэлдгээр боломж байгаа. Манай аймгийн хувьд тал нутаг болохоор өндөр уул даваа багатай. Гол үндсэн цэгүүд дээрээ хээрийн сайт байрлуулаад антень суурилуулсан тохиолдолд аймгийн аль ч цэгээс утсаар холбогдох боломж байгаа. Үүнийг ажил  хэрэг болгох үүднээс эхний жил 300 сая төгрөг тавьсан. Энэ мөнгөөр эхний ээлжинд хамгийн хэрэгтэй байгаа газруудынхаа асуудлыг шийднэ. Энэ жил хуучин суурь, антениа сэргээж ашиглавал таваас зургаан газрыг сүлжээнд холбох боломж байгаа. Дараа жилээс бүх цэгээ тогтоож байгаад жил болгон ээлж дараатайгаар хийнэ. 2020 он гэхэд Сүхбаатар аймгийн газар нутаг бүхэлдээ харилцаа холбооны сүлжээтэй болно гэж ойлгож болно.

-Төрийн залгамж халаа гэдэг бол маш чухал зүйл. Та бүхний хувьд өмнөх засаглалын үед эхлүүлээд орхисон, дуусаагүй байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэх үү? Эдгээрээс таны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зүйл байна уу?

-Мэдээж бид түрүү түрүүчийн үед хийгдэж байсан, уламжлал болсон ажлуудыг хийх ёстой. Энэ бол бидний үүрэг. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн ч дуусаагүй байгаа байшин барилгыг үргэлжлүүлэх талаар хөтөлбөрт тодорхой туссан байгаа. 16 давхар цамхаг бол ямар нэгэн төрийн оролцоо байхгүй, хувь хүмүүс өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд барилга барьж байгаа бизнесийн нэг хэлбэр. Одоогоор хөрөнгө мөнгөний асуудлаас болж зогсонги байдалтай байгаа. Бидний хувьд хөрөнгө оруулагчидтай нь дахин уулзсан, хөрөнгө мөнгөний асуудал нь ч шийдэгдсэн байгаа, ямар ч байсан энэ ажлыг гүйцээж хийнэ. Удахгүй барилгын ажлыг эхлүүлж энэ ондоо ашиглалтанд оруулахыг зорьж байна. 1500 айлын орон сууцны хөтөлбөрийн хувьд хүндхэн байдалтай байгаа. Яагаад гэвэл тухайн үеийн гэрээ хэлэлцээрээр бол аймаг орон нутгийн удирдлагын зүгээс батлан даалт гаргана, Засгийн газраас баталгаа авч өгнө гэсэн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байгаа. Үүн дээр үндэслэн урд хөршийн хөрөнгө оруулагчид 100 хувь өөрсдийн хөрөнгөөр барилгаа барьж, улмаар бүх барилгыг аймгийн удирдлага худалдаж авна гэсэн биелэх боломжгүй зүйл байгаа юм. Энэ гэрээгээр цааш явахгүй нь ойлгомжтой. Одоогоор аймгийн ЗДТГ-т энэ бүх байрыг худалдаж авах хөрөнгө мөнгө алга. Бид 1500 айлын орон сууцны хөтөблөртэй хамтарч ажиллаж байгаа Хятадын хөрөнгө оруулагч нартай уулзаж, санаа бодлоо солилцсон. Бидний зүгээс тэдэнд барилгынхаа төсвийг бууруул, барилгаа хямд зардлаар барь гэдэг шаардлага тавьж байгаа. Мэдээж хямд хэдий ч чанартай байх ёстой. Үүний дараа зах дээл дээр худалдах боломжтой. Харин бидний зүгээс дэд бүтэц болоод бусад бүх талаараа дэмжинэ. Түүнээс биш бид Засгийн газраас баталгаа авч өгч чадахгүй. Мэдээж бид энэ хөтөлбөрийг цааш нь явуулахыг зорьж байгаа.

-Та ярианы эхэнд хэлсэн шүү дээ, үйл ажиллагааны хөтөлбөр маань 418 арга хэмжээнээс бүрдсэн гэж. Энэ их ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлнэ гэдэг шууд төсөв мөнгөтэй холбоотой. Мэдээж дан ганц улсын төсөв болон орон нутгийн төсвөөр  хийгдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр цаашид ер нь аймаг орон нутагтаа хөрөнгө оруулалт татах, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого барьж байна? Өнгөрсөн найман жилийн хугацаанд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг?

-Тийм ээ, хөрөнгө мөнгөний асуудал хаа сайгүй хүнд л байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг хүн бүр мэдэж байгаа. Ийм хүнд үед бид ажиллана л даа. Ирэх жилүүд бол амаргүй байна. Гэхдээ ямар гараа хумхиад суултай биш, хөрөнгө мөнгө олохын төлөө ажиллах ёстой. Нөгөө талаар байгаа хөрөнгөө хамгийн гол нь үр ашигтай, зөв, хүнд хэрэгтэй зүйлд зарцуулна гэдэг бол маш чухал. Хичнээн их мөнгө байлаа гээд огт хэрэггүй, хүний нүд хуурсан ажилд, эсвэл өндөр өртөгтэй чанаргүй зүйлд зараад байвал хайран байхгүй юу даа. Харин гагцхүү олон нийтэд ашиг тустай, зөв зүйлд зарцуулж чадвал бага мөнгөөр ч их ажил хийж болдог. Бид нар тэр чиглэлээр л ажиллана гэж зорьж байгаа. Сүүлийн дөрвөн жилд авч үзвэл жил бүр орон нутгийн хөгжлийн санд 7-8 тэрбум төгрөг ирдэг байсан бол одоо 4 тэрбум төгрөг болсон. Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг нь бас л ойролцоогоор 7 тэрбум төгрөг өгдөг байсан бол тэр мөнгө 5 тэрбум болж буурсан. Тиймээс бид хөнжлийнхөө хирээр л хөлөө жийх болно. Энэ байгаа мөнгөө зөв зүйлдээ л зарцуулах ёстой.

-Аливаа улс, аймаг орон нутгийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлт бол нүдэнд харагдах байдлаас илүүтэйгээр ард иргэдийнх нь ажилтай орлоготой эсэх, амьдралын түвшин ямар байгаагаас хамаардаг. Та бүхний хувьд ирэх дөрвөн жилд 3000 орчим ажлын байр нэмэгдүүлнэ гэлээ. За ажлын байр бий болчихлоо гэж бодъё. Харин ажиллах хүчин, шаардлагатай боловсон хүчин бэлэн байгаа гэж үзэж байгаа юу? Манайх орон нутагтаа боловсон хүчин бэлтгэдэггүй болохоор ямар байдаг юм бол гэж бодоод байна л даа?

-Нарийн мэргэжлийн хүн бол үнэхээр дутагдалтай байгаа. Одоо ч гэсэн дулааны инженер, цахилгааны инженер манайд дутагдалтай байна. Түүнэээс биш ерөнхий ажиллах хүчин манайд байгаа гэж би харж байгаа. Төмөртэйн уурхайд гэхэд 50-60 Хятад мэргэжилтэн бусад нь дан монгол ажилчид байна. Бид аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд, шинээр байгуулагдах үйлдвэрүүдэд зөвхөн орон нутгийн хүнийг  ажилд ав гэдэг шаардлагыг нэг номерт тавьж байгаа. Чадахгүй бол сургаад ажиллуулах ёстой. Оёдлын үйлдвэр ч гэсэн энэ зарчмаар явах ёстой. Хүн болгон бүхнийг чаддаг байх албагүй, Тиймээс сургаад л ажиллуулах ёстой. Харин бүр нарийн мэргэжлийн хүнийг бол хэрэгтэй гэж үзвэл яалт ч үгүй өөр газраас авч ирэх байх л даа. Тиймээс ерөнхий ажиллах масс бол манайд байгаа. Гагцхүү хүмүүс маань өөрсдөө ажиллая, амьдралынхаа төлөө зүтгэе гэсэн тэмцэл, зорилготой байх ёстой. Нөгөө талаараа ажлыг голохгүй хийдэг байх ёстой. Тэгж байж л тэр өрхийн амьдрал дээшилнэ. Бид ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэд өгье, иргэд маань ажиллах хэрэгтэй. Ингээд хамтдаа нутаг орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэцгээе гэжл дахин хэлмээр байна.

-Хөгжил гэдгийг байшин барих, зам харгуй засах гэж ойлгож болохгүй гэдгийг таны дээрх ярианууд харууллаа л даа. Тэгэхээр ирэх жилүүдэд Сүхбаатар аймагт байшин барилга баригдах болов уу? Би энэ асуултыг зориуд асуумаар байна л даа?

-/Инээв/ Огт байшин барихгүй гэх нь ч юу юм. Гэхдээ хүн, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг шиг эхлээд ажилтай, орлоготой болох хэрэгтэй. Тэгж байж тэр хүмүүс чинь тэр баригдах орон сууцыг худалдан авна, ганц машин лизингээр ч гэсэн аваад уначихна шүү дээ. Хэрвээ хүн амынх нь дийлэнх ажилгүй, орлогогүй байвал мянга сайхан байшин бариад, зам тавиад хэн тэнд амьдрах юм, хэн тэр сайхан зам дээгүүр давхих юм. Тиймээс л бид хүмүүсээ ажилтай орлоготой болгоё гэж энэ ажлыг авсан цагаасаа хойш яриад байгаа юм. Энэ хэлж ярьж байгаагаа ажил хэрэг болгох нөхцөл одоо л бүрдэж байна. Яагаад гэхээр өнгөрсөн 7, 8 сарын хугацаанд баахан улс төржлөө, бие биенийгээ үгүйсгэж шүүх цагдаагаар явлаа ш дээ. Харин өнгөрсөн 02 дугаар сарын 16-нд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг батлуулж чухам үүнийгээ ажил хэрэг болгох боломж бүрдлээ. Энэ 3,4 дүгээр сардаа бүх тендер, хөрөнгө оруулалтаа эзэнтэй болгоод гэрээгээ байгуулаад ажилдаа шуурхай орох болно.

-Мэдээж энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлэхэд таньтай гар, сэтгэл нийлэх хүмүүс хэрэгтэй шүү дээ. Ер нь удирдагч хүнд баг хамт олон гэдэг маш чухал байдаг. Таны хувьд өөрийнхөө багийг яаж, ямар зарчмаар бүрдүүлж байгаа вэ? 

-Хүн ямар ч ажлыг хийхэд багтай хамтрах ёстой. Баг гэдэг маань өөрөө санаа сэтгэл, зорилго нэгтэй нэг хүн шиг сэтгэж боддог, зүтгэдэг ийм л хамт олныг  хэлдэг. Би яг ийм багаа бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд бол тодорхой хэмжээнд боловсон хүчний томилгоонууд хийгдсэн байгаа. Эндээс яг салбар салбараа мэддэг, туршлагатай, чадвартай хүмүүсээрээ багаа бүрдүүлсэн гэж бодож байна. Бид бүхэн ирэх жилүүдэд аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэх болно. Юу чаддагаа харуулна. Харин үүний дараагаар 2020 онд дүнгээ тавиулна. Мэдээж хангалттай сайн дүн авахын төлөө хичээх л хэрэгтэй. Хичээх ч болно. Бидэнд ухрах бус урагшлах ганц л зам байгаа.

-За баярлалаа. Та бүхний санаж сэдсэн бүхэн биелэлээ олохыг хүсье. Мэдээж ярьсанаа ажил хэрэг болгох нь хамгийн чухал. Үүнийг ч иргэд хүсэж байгаа. Танд амжилт хүсье?

-Маш их баярлалаа. Ирэх жилүүдэд юу хийхийг хүсч мөрөөдөж байгааг маань хүмүүст хүргэх боломжийг олгосон танай хамт олонд талархал илэрхийлж, мөн ажлын амжилт хүсье. 

 Т. Одончимэг 

 

 

 

 

Холбоотой мэдээ