Малайзын Засгийн газар "МН370"-ыг эрж хайхад 100 сая гаруй доллар зарцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-09 11:28:51

КУАЛА-ЛУМПУР./Bernama/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370” дугаартай нислэг үйлдэж яваад сураггүй болсон нисэх онгоцыг эрж хайхад тус улсын Засгийн газар 100 сая гаруй доллар зарцуулаад байна.

Уг нисэх онгоц алга болсноос хойш гурван жил өнгөрч байгаатай холбогдуулан Малайзын Тээврийн сайд Лио Тионг Лай өчигдөр мэдээлэл хийжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн хугацаанд эрлийн багийнхан Энэтхэгийн далайд 120 мянган хав.дөр.км талбайд самналт хийсэн байна.

Австрали болон Малайз улс уг онгоцыг эрж хайх ажиллагааг энэ оны нэгдүгээр сарын 17-нд зогсоосон билээ. Гэхдээ онгоцтой холбоотой шинэ мэдээлэл гарч ирсэн тохиолдолд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх аж.

2014 оны гуравдугаар сарын 8-нд “Боинг 777-200” нисэх онгоц Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд “МН370” дугаартай нислэг үйлдэж яваад сураггүй болсон билээ. Онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 239 хүн сууж явсан юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ