2024 оны ЕАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө хоёрхон улс өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-09 11:11:04

ЛОНДОН. /BBC/. Герман болон Турк улс хөлбөмбөгийн 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг /ЕАШТ/ явуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн байна. УЕФА-ийн мэдээлэлд дурдсанаар, зөвхөн энэ хоёр орны хөлбөмбөгийн холбоод мэдүүлгээ хугацаанд нь багтаан /3 дугаар сарын 3/ өгчээ.

Дани, Норвеги, Швед болон Финланд улс хамтарсан мэдүүлэг өгөх боломжийг судалж байсан боловч энэ төлөвлөгөөнөөсөө татгалзжээ.

Одоо Герман болон Турк улс мэдүүлгээ  2018 оны 4 дүгээр гэхэд бүрэн байдлаар ирүүлэх ёстой. Үүний дараа УЕФА 9 дүгээр сард энэ хоёр орны алинд нь ЕАШТ зохион байгуулахыг шийдэх юм.

2024 оны хөлбөмбөгийн ЕАШТ зөвхөн нэг улсад болох юм. Харин Евро-2020 Европын 13 орны 13 хотод болох ажээ.

УЕФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Теодор Теодоридис хэлэхдээ, Герман, Турк хоёр бол хүчтэй өрсөлдөгчид, энэ хоёр улсаас аль нэгийг нь сонгох нь тун амаргүй шийдвэр болно гэсэн байна.

Дашрамд дурдахад, Баруун Германд 1974 оны ДАШТ, 1988 оны ЕАШТ-ийг зохион байгуулж байсан бол 2006 оны ДАШТ нэгдсэн Герман улсад болж байсан билээ. Үүнтэй холбогдуулан, Германы Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Райнхард Гриндель хэлэхдээ "одоо байгаа спортын дэд бүтэц, асар их туршлагынхаа ачаар манай улс Евро-2024-ийг өндөр түвшинд зохион байгуулж чадна" гэж мэдэгдлээ.

Харин Туркийн хувьд, тивийн хэмжээний томоохон тэмцээнийг урьд нь зохион байгуулж байсан туршлагагүй юм. Тус улс 2008, 2012, 2016 оны ЕАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд ялагдаж байжээ.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ