Умард Солонгосын пуужингийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-09 10:49:38

НЬЮ-ЙОРК./Kyodo/.  Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг тууштай хэрэгжүүлж, цаашид дахин цөмийн болон пуужингийн туршилт хийсэн тохиолдолд тус улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ гишүүн орнууд тохиролцжээ.

Япон, АНУ болон Өмнөд Солонгосын хүсэлтээр АЗ-ийн гишүүд лхагва гарагт Нью-Йорк хотноо яаралтай хуралдаан хийсэн байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт Умард Солонгос дөрвөн баллистик пуужин харвасан бөгөөд тэдгээрийн гурав нь Японы эдийн засгийн тусгай бүсэд унасантай холбоотойгоор яаралтай хуралдааныг зарлан хийжээ.

Умард Солонгосын харвасан пуужингууд загас агнуур хийдэг Японы эдийн засгийн тусгай бүсэд унасан нь “маш аюултай хэрэг” гэж уг хуралдааны дараа Япон улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Коро Бэсшо сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ тодорхойлжээ.

Пуужин харвасныг тэрбээр зэмлэн буруушаагаад “Япон улс бол энх тайвны төлөө тэмцэгч орнуудын нэг. Умард Солонгос манай улсыг онилон пуужин харвах ямар ч шалтгаан байхгүй” гэлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ