Иргэдийг цахим гэмт хэргээс болгоомжлохыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-08 21:57:07
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг хэд хэдэн удаа гарч иргэдийг хохироогоод байна.

Сүүлийн үед иргэдийн сонор сэрэмжгүй байдалтай холбоотойгоор гэмт хэргийн  үйлдэл нь улам нарийсч байгаа гэдгийг аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна.

Залилан нь ихэвчлэн сүлжээ болон цахим орчингоор дамжуулан иргэдийг төөрөгдүүлж мөнгийг нь салгах хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан юм. Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” гэх нэртэй сүлжээ дэлхийн 77 оронд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн иргэдийг залилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар найман тэрбум төгрөг дансандаа байршуулаад байгаа гэнэ. Хэдийгээр тус гэмт хэргийн талаар аймгийн Цагдаагийн газарт ямар нэгэн гомдол ирээгүй боловч уг шалгагдаж байгаа учраас хохирсон иргэд байвал аймгийн Цагдаагийн газар хандахыг албаныхан зөвлөж байна.

“G- Time” сүлжээ эхлээд 62500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэргээр өсгөж авдаг сүлжээ гэгдэж байв. “Гол нь өөрийнхөө дор хүмүүс элсүүлж, дараа нь орсон хүмүүсээс мөнгөө өсгөж авах зэргээр урд хормойгоороо хойд хормойгоороо нөхөж явдаг. Ингэсээр сүүлд орсон хүмүүс нь ямар ч мөнгөгүй болоод шатаж хоцордог байна. Энэ нь хуурамч сүлжээний бизнес гэдгийг илтгэх аж. Үүнд зарим иргэд хууртаж хохирч байгаа юм” гэж Эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад П.Мөнхтулга хэллээ. Иймд иргэн та өөрийн сонор сэрэмжээ дээшлүүлж тус төрлийн гэмт хэргээс өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг Төв аймгийн Цагдаагийн газар онцгойлон анхааруулж байна. 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ