НӨАТ- ын баримт өгөхгүй байгаа аж ахуйн нэгжид торгууль ногдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-07 13:19:29

Дундговь/МОНЦАМЭ/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу үйлчлүүлэгчдээ НӨАТ тооцсон шинэ стандарт бүхий баримт хэвлэн өгч, хууль хэрэгжүүлж байгаа 196 аж ахуйн нэгж, хоёр иргэн Дундговь аймагт байна. Энэ бол ийм баримт хэвлэн өгөх ёстой мянга хол илүү худалдаа үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж байгаатай дүйцүүлэхэд тун чамлалттай тоо юм.

Ялангуяа хүнсний зах болон томоохон худалдааны төвүүдэд лангуу түрээслэгчид, бараа, барилгын материалын дэлгүүрүүд, эмийн сангууд гээд НӨАТ- ын баримт хэвлэж өгөх ёстой олон аж ахуйн нэгжээс иргэд НӨАТ- ын баримт авч чадахгүй байна. Үүнд анхаарал хэрхэн хандуулж байгаа талаар аймгийн Татварын хэлтсээс тодруулахад, НӨАТ- ын баримт хэвлэж өгдөг болохыг удаа дараа шаардаж байгаа, хууль нэгэнт хэрэгжүүлэхгүй байгаад нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой холбогдох албан хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан байгаа гэдэг мэдээллийг тус хэлтсийн дарга М. Туяацэцэг өгсөн юм.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ