Сумынхаа ойд зориулан 180-аад төрлийн цэцгийн үр хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-07 00:12:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ онд тохиож буй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын түүхт 80 жилийн ойн баярын бэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан Гал тахиа жилийн Шинийн 8-ны билэгт сайн өдрөөр Сүхбаатар сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн хамт олноос хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд зориулан хандив өргөлөө.

Тус хамт олны өөрсдийн хүч хөдөлмөрөөр тарьж ургуулан, эх орныхоо хуурай ширүүн уур амьсгалд нутагшуулсан цэцэгсийнхээ 180-аад төрлийн 10000 цэцгийн үрийг ийнхүү хандивлалаа. Орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулахын төлөө сэтгэл гаргаж байгаа тус цэцэрлэгийн хамт олонд сумын Засаг даргын зүгээс талархал илэрхийлсэн юм. Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн хамт олны хувьд байгууллагынхаа гадна тохижилт ногоон байгууламжаараа 2015 онд "Ногоон Сэлэнгэ" хөдөлгөөний хүрээнд зарласан болзолт уралдаанд "Сэлэнгэ аймгийн Шилдэг ногоон байгууламжтай цэцэрлэг", цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаа мөн дээрх болзолт уралдаанд "Шилдэг удирдах ажилтан", 2015 онд Сүхбаатар сумын "Хамгийн олон төрлийн цэцэг тарьж ургуулсан иргэн", 2016 оны сумын "Шилдэг Эко өрх" зэрэг олон гавъяа шагналуудыг хүртсэн цэцэг, цэцэрлэг, ногоон байгууламжийн чиглэлээр туршлагатай удирдагч, туршлагатай хамт олон билээ.

Мөн тус хамт олны зүгээс сумынхаа түүхт ойн баярыг угтан 1500 цэцэг бүхий байгууламжийг бий болгон орон нутагтаа бэлэг барихаа энэ үеэр амлалаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ