"Сэтгүүлч М.Батдорж" сангаас эссэ бичлэгийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-03-06 13:01:15

"Сэтгүүлч М.Батдорж" сан болон “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ хамтран 4 дэх жилдээ сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа 2-3 дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа.

Энэхүү уралдаан нь сэтгүүлч асан М.Батдоржийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, түүний сэтгүүл зүйн салбарт байгуулсан зам мөрийг үргэлжлүүлэх, монголын сэтгүүл зүйн салбарын ирээдүйн боловсон хүчний чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

Оролцогчид “Цахим орчин дахь бидний араншин” сэдвийн хүрээнд эссэг бичсэн байх бөгөөд 1000 ба түүнээс дээш үгтэй байх юм. Бүтээлийг өнөөдрөөс ирэх сарын 10-ныг хүртэлх хугацаанд  batdorj_found@yahoo.com хаягаар хүлээн авна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 5 дугаар сарын 3-нд шагналыг гардуулах юм.

Уралдааны тэргүүн байранд шалгарсан оюутныг сургалтын төлбөрөөр урамшуулах бол тусгай байранд орсон 5 хүүхдэд мөнгөн шагнал олгоно. Өмнө нь зохион байгуулагдсан 3 удаагийн эссэ бичлэгийн уралдааны үр дүнд гурван оюутан сургалтын төлбөрөө “Сэтгүүлч Батдорж" сангаар төлүүлсэн байна. Мөн 15 оюутанд мөнгөн шагналын урамшуулал олгожээ.

Б.Туул

Холбоотой мэдээ